Неандертальчуудын генийг өвлөж авсан хүмүүс “Covid-19”-өөр илүү хүнд өвчилж байгааг илрүүлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-10-02 15:51:55

ЛОНДОН. /BBC/. Герман, Шведийн эрдэмтэд неандертальчуудын ген ба коронавируст халдварын хүнд хэлбэрийн өвчлөл хоорондын холбоог олж илрүүлсэн талаар Их Британийн “Guardian” сонинд бичжээ.


Тавин мянган жилийн тэртээх энэхүү ген нь хүнд хэлбэрээр өвчлөх, түүгээр барахгүй өвчний явц архаг хэлбэрээр явагдах эрсдэлийг гурав дахин нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар европчуудын 16 орчим хувь нь, Өмнөд Азийн оршин суугчдын тал орчим хувь нь энэ аюултай генийг тээдэг байна.


Эрсдэлийн энэхүү ер бусын хүчин зүйлийг эрдэмтэд “Covid-19”-ийн хүнд хэлбэрээр өвчилсөн хүмүүсийн ДНХ-г неандертальчуудын ДНХ-тэй харьцуулах үедээ огт санамсаргүй илрүүлжээ.


Урьд өмнө нь эдгээр генүүд неандертальчуудыг тухайн үеийн халдварт өвчнөөс хамгаалж байсан учир хүний ​​дунд хадгалагдаж үлдсэн гэж судлаачид үзэж байгаа аж. Нэг ген нь дархлааны системийн хариу үйлдлийг хариуцдаг, нөгөө нь хүний ​​эсэд вирус нэвтрэх механизмтай холбоотой боловч өвчний явцыг яг яаж хүндрүүлж байгаа нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна. Барагцаалсан тооцоогоор, неандертальчуудаас өвлөж авсан генийн улмаас 100 мянга орчим хүн коронавирусний цар тахлын улмаас нас баржээ.


Холбоотой мэдээ