Монгол Улс нас барсан нэг ч тохиолдолгүйгээр коронавирусийг ялсан боловч ...

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-10-05 08:47:09

ВАШИНГТОН. /Business Insider/. Монгол Улсад коронавирусний халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд халдварын хамгийн цөөн тохиолдол илэрсэн орнуудын нэгд багтаж байна. Хэдийгээр Монгол халдварыг хяналтад авсан боловч эдийн засагт ихээхэн хохирол учирч, тус улсын 11 мянга гаруй иргэн хилийн чанадад гацсан хэвээр байна.


Монголчууд жил бүрийн долоодугаар сард үндэсний баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд өнгө өнгийн хувцас өмссөн тамирчид “эрийн гурван наадам” хэмээн нэрлэдэг морины уралдаан, бөхийн барилдаан, сур харвааны тэмцээнээр өөр хоорондоо өрсөлддөг. Гэвч энэхүү баярыг 800 жилийн түүхэнд анх удаа цар тахлын улмаас үзэгчгүйгээр, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх дүрэм журамтайгаар зохион байгууллаа. Ердийн үед уг баярыг олон мянган хүн үздэг бол энэ жилийн хувьд шууд дамжуулан үзүүлжээ.


Гэсэн хэдий ч уг баяраа тэмдэглэх шалтгаан тэдэнд байсан юм. Монгол Улс коронавирусний халдварыг хэдийнээ ялан дийлжээ. Өнөөдрийн байдлаар халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд халдварын 300 гаруй тохиолдол илэрсэн нь бүгд зөөвөрлөгдөн иржээ. Энэ нь халдвар олон нийтийн дунд тархаагүй гэсэн үг бөгөөд 3.3 сая орчим хүн амтай орны хувьд гайхалтай амжилт юм.


Монгол Улс нь дэлхийн хамгийн хүн ам сийрэг суурьшсан орнуудын нэг тул зайнаас харилцах зарим хэлбэр нь амьдралынх нь нэгэн хэсэг гэж хэлж болно. Мөн малын тоо толгойгоор авч үзвэл, нэг хүнд 22 мал ногддог байна. Гэвч нийт хүн амын тэн хагас нь агаарын бохирдолтой Улаанбаатар хотод оршин суудаг нь “COVID-19” шиг амьсгалын замын халдвар өвчин тархах эрсдэл өндөр юм.


Монголын зарим иргэний хувьд вирусний халдварыг хяналтад авсныг амьдралын уламжлалт хэв маяг, 12-р зууны үеийн байлдан дагуулагч Чингис хааны дотоод хүчтэй холбон тайлбарлаж байна.

“Энэ бүгд бидний идэж байгаатай холбоотой” гэж үйлчлүүлэгчдийнхээ ирээдүйг зөгнөн хэлдэг зайран Бямбадорж хэлжээ. Өвлийн улиралд адууны мах, зуны улиралд цагаан идээ хүнсэндээ хэрэглэснээр дархлаа тогтдог гэж Монгол ёсонд үздэг байна.


Монголын баяр наадмыг олон мянган хүн үзэж сонирхдог боловч цар тахлын улмаас өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ.


Гэвч Монгол Улс хөрш БНХАУ-д халдвар дэгдэж эхэлсэнтэй зэрэгцэн эрт, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь ийнхүү амжилтад хүрэхэд түлхүү нөлөөлсөн байна.


Монгол Улс нэгдүгээр сарын 27-нд буюу Хятадын эрх баригчид Ухань хотод хөл хорио тогтоосноос дөрөвхөн өдрийн дараа Хятад улстай залгаа хилээ хаасан юм.


Мөн бүх сургуулийг хааж, олон нийтийн газраар явахдаа амны хаалт заавал зүүхийг үүрэг болгожээ. Үүний зэрэгцээ хилийн чанадаас эх орондоо эргэн ирсэн Монголын бүх иргэнийг эмнэлэг, тусгаарлах байранд тусгаарлажээ.


Монгол Улсад гуравдугаар сарын 10-нд халдварын анхны тохиолдол бүртгэгдэх үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварыг цар тахлын хэмжээнд хүрснийг зарласан бөгөөд Монгол Улсын хувьд аль хэдийн дэлхийн дахинаас тусгаарлагдаад байв. Ийнхүү эрт арга хэмжээ авсан нь ч үр дүнгээ өгсөн байна.


“Монгол Улс халдварыг хяналтад авч чадсан шалтгаануудын нэг нь монголчууд халдварын үр дагаврыг маш сайн ухамсарлаж байсантай холбоотой хэмээн бодож байна” гэж 1990-ээд оны залуучуудын ардчилсан хөдөлгөөний талаарх “Young Mongols” хэмээх номын зохиолч Обри Менард хэлжээ.


Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хот боловч оршин суугчдынх нь тэн хагасаас илүү хувь нь гэр хэмээх монголчуудын уламжлалт нүүдэлчин хэв маягт тохирсон нүүж суухад тохиромжтой майхантай төстэй сууцанд амьдардаг юм. Өвлийн улиралд Улаанбаатарт Цельсийн хасах 40 хэмд хүрч хүйтэрдэг.


Гэрт оршин суугчид дулаан байхын тулд түүхий нүүрс юм уу ахуйн хаягдлыг түлдэг. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар өвөлдөө дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын тоонд ордог байна.


“Иймээс “COVID-19” шиг амьсгалын замын халдварт өвчин тархвал эмнэлгийн хүчин чадал бага, амьсгалын аппарат цөөнтэй Монгол Улсад асар том аюул учирч болзошгүй” гэж О.Менард ярьжээ.


Монголын зарим иргэний үзэж буйгаар, халдварыг амжилттай хяналтад авсан нь амьдралын уламжлалт хэв маяг, 12 дугаар зууны байлдан дагуулагч Чингис хааны дотоод хүчтэй холбоотой ажээ.


Гэвч вирусний халдварын хяналтад авах арга хэмжээнүүд нь шууд бус нөлөөллийг ч мөн үзүүлжээ.


“Монгол Улсад коронавирусний халдвар тархахаас амжилттай урьдчилан сэргийлсэн Засгийн газраа бид сайшаах хэрэгтэй боловч энэ үр дүнд их хэмжээний зардал, золиосоор хүрсэн хэмээн бодож байна” гэж “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын гишүүн Б.Мөнхдөл хэлжээ.


Монгол Улс эрт хилээ хаасан нь хилийн чанадад ажиллаж байсан олон мянган иргэнд хүнд цохилт болжээ. Хоёрдугаар сард “COVID-19” дэлхий даяар тархаж эхэлж байх үед тэдгээр иргэнд нутаг буцах долоохон хоногийн хугацааг олгосон байна.


Н.Амарболд гэр бүлийнхнийхээ хамт БНСУ-д гацжээ. Ажилгүй болсон тэд түрээсээ төлөх мөнгөгүй болж, очих газаргүй болсон тул Монголын Элчин сайдын яамны гадна хоноглож буй олон арван хүмүүстэй нэгдэхээс өөр аргагүйд хүрчээ.


Монголдоо долоодугаар сарын сүүлээр ирсний дараа тэд өөрсдийнхөө зардлаар 21 хоног тусгаарлагджээ. Н.Амарболд бохир давхар ор, угаалгын өрөөны угаалтуураас гоожиж буй бор усны зургийг нийгмийн сүлжээндээ нийтэлжээ. Мөн тэрбээр, “Хаашаа ч явж болохгүй, бүх үйлдлийг маань хянана, цонхоо ч онгойлгож болохгүй, яг л боловсон шоронд байгаа юм шиг санагдаж байна” гэж бичжээ.


Хилийн чанадад гацсан, бухимдсан монголчууд АНУ, Турк, Их Британи, Унгар, Малайз, БНСУ-ын Элчин сайдын яамны гадна жагсаал зохион байгуулсан байна.


Олон нийтийн энэхүү шаардлагыг Засгийн газар харгалзан үзэж, иргэдээ татан авах үйл ажиллагаагаа эрчимжүүлжээ. Есдүгээр сарын байдлаар Монголын 23 мянга орчим иргэн эх орондоо ирснээр 55 улсад 11 мянга орчим иргэн үлджээ.


Засгийн газрын хувьд иргэдээ эх орондоо авчрах чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа зөвтгөсөн байна.


“Гадаадад гацсан монголчуудын асуудлыг нэр хүнд олж авахад ашиглаж, өөрсдийгөө зөвхөн энэ асуудалд санаа зовниж буй мэт аашилж байгаа цөөн хэдэн хүн байна. Тэд бол урвагчид” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлжээ.


Монголын Засгийн газар нэгдүгээр сард вирус дэгдэж эхлэх үеэс хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.


Мөн хилийг хаасан нь Монголын экспортоос ихээхэн хамааралтай эдийн засагт нөлөө үзүүлсэн бөгөөд тус улсын экспортын 90 орчим хувийг БНХАУ эзэлдэг юм.


“Монгол Улсын одоогийн байгаа нөхцөл байдлыг харгалзан үзвэл эдийн засгийн шокийг даван туулах чадвар хязгаарлагдмал байна. Монгол Улс Хятадтай хилээ хаах үед эдийн засаг нь ихээхэн буурсан нь эмзэг байдлыг нь онцлон харууллаа” гэж О.Менард хэлжээ.


Энэ оны эхний зургаан сард Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 10 орчим хувиар буурсан гэж НҮБ мэдээлсэн байна.


Мөн 10 мянга орчим хүнийг ажлын байраар хангадаг ноолуурын үйлдвэрлэл нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний гадаадын эрэлтээс хамаардаг. Энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт нь нүүрс, ашигт малтмалын араас хоёрдугаарт бичигддэг юм.


“Сор кашемир” компанийн гүйцэтгэх захирал Б.Бархасбадийн хувьд хил хаалттай хэвээр байвал өөрийн бизнестээ санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.


“Одоогоор дотоодын борлуулалт бараг байхгүй болсон бөгөөд бидэнд цөөн хэдэн гадаадын захиалга ирж байна. Бид захиалгаа хангахын тулд нийт хүчин чадлынхаа 40 хувийг ашиглаж байна” гэж тэрбээр хэлжээ.


Монголчуудын гурван хүн тутмын нэг орчим нь өдөрт хоёроос бага ам.долларын орлоготой ядуу амьдарч байна. Гэвч иргэдийн ялангуяа хөдөөний малчдын амьжиргааны түвшин сайжирсан гэж “Вorgen Рroject” байгууллага мэдээлжээ.


Харин эдийн засгийн одоогийн нөхцөл уг ахиц дэвшлийг арилгаж, хүн амын тэн хагас орчмыг ядуурлын шугамаас доогуур түвшинд хүргэж болзошгүй байна.


Монголын Засгийн газар “COVID-19”-тэй тэмцэх үйлсийг санхүүжүүлэхийн тулд Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк гэх мэт байгууллагууд болон хувийн хэвшлээс хагас тэрбум орчим ам.доллар зээлжээ. Харин зарим хүн уг мөнгийг хэрхэн зарцуулж буйд санаа зовниж байна.


“Тэр мөнгө хаачсан бэ? Олон улсын байгууллагаас “COVID-19”-тэй тэмцэхэд зориулан өгсөн мөнгө юунд зарцуулагдаж байна вэ?” гэж “SHAPE Mongolia” төрийн бус байгууллагын үүсгэн байгуулагч Б.Мөөгий мэдээлжээ.


Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилготой “Breathe Mongolia” төрийн бус байгууллага Засгийн газар зээл, тусламжийг хэрхэн зарцуулсныг шалгах ажиллагааг эхлүүлжээ.


Монголд намраас хөл хориог сулруулж эхлэв. Үүний дагуу сурагчид анги танхимдаа хичээллэж эхэлсэн боловч долоо хоногт гуравхан өдөр танхимаар хичээллэж байна.


Сургуулиудыг нээсэн боловч эдийн засаг ойрын хугацаанд сэргэх төлөвгүй байна.


Хилийн боомтуудыг нээтэл сургуулиуд бүтэн цагаар ажиллах боломжтой тул сэргэлт хязгаарлагдмал хугацаанд үргэлжлэх ажээ. “Маш олон ганц бие ээж хүүхдээ харуулах хүнгүй тул ажилдаа явж чадахгүй байна. Ийм шалтгаанаар тэд дахин ядууралд орох магадлалтай” гэж “People in Need” хандивын байгууллагын Монгол дахь төлөөлөгч Тим Женкинс хэлжээ.


Монголын ард түмэн өнө эртнээс эхлэлтэй түүхийнхээ туршид цаг агаарын хүнд нөхцөл, дайн тулаан, улс төрийн үймээнийг туулж өнгөрүүлжээ. “Энэ бол маш том хамтын соёл юм. Монголчууд аливаа зүйлийг даван туулахын төлөө нэгдвэл түүнийгээ бүтээж чаддаг” гэж Б.Мөөгий хэлсэн байна.


Зайран Бямбадорж болон түүний дагагчдын үзэж буйгаар, вирус амьдралын эртний хэв маягаа мартсан монголчуудад сануулга болжээ. “Энэ өвчин бол байгалийн уур хилэн. Бид байгаль дэлхийгээ сүйтгэж, амьдарч буй газраа үл тоомсорлосон. Эх болсон байгалиа ариун хэвээр нь хадгалах хэрэгтэй бөгөөд үүнийг дагаж мөрдөөгүйгээс энэ өвчин үүссэн. Хэрэв та бүхэн үүнийг баримталбал уг өвчнөөс айх хэрэггүй болно” гэж Бямбадорж ярьжээ. 

Холбоотой мэдээ