Улаанбадрах сумын 4 худагт ураны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-05 13:12:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЗГХЭГ-ын даргын тушаалаар байгуулсан 63 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлаж буй “Бадрах энержи” компанийн ажлыг шалгасан байна. Тус ажлын баг өнөөдөр Төрийн ордонд шалгалтын дүнгээ танилцуулсан юм.


Ажлын баг хөрс, ургамлаас 296 дээж авч, Улсын мал эмнэлгийн төв лаборатори, ШУА-ийн Химийн хүрээлэнгийн лаборатори, МХЕГ-ын төв лабораторид шинжилжээ. Энэ талаар Цөмийн энергийн комиссын ажлын албаны дарга Э.Нямдаваа, “Цацрагийн хэмжээ тогтоох дэд ажлын баг “Бадрах энержи” компанийн хайгуулын болон туршилтын олборлолт хийсэн талбайд цацрагийн хэмжилт хийсэн. Мөн дээж авч шинжилсэн. Улаанбадрах сум бол ураны агуулга, хэмжээ өндөртэй, ураны эрдэсжсэн давхарга бүхий газар тул Монгол орны бусад бүсээс агууламж өндөр гардаг. Судалгаа, шинжилгээний явцад хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл тогтоогдоогүй” хэмээсэн юм.


МХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэг, “Мэргэжлийн хяналтынхан орчны хөрс болон уснаас дээж авч шинжилгээ хийсэн. Хөрснөөс нийт 11 дээж авснаас зургаад нь ураны агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарлаа. Усны хувьд малчдын унд, ахуйн зориулалттай 4-65 метрийн гүнтэй 16 худаг, 1 булгийн уснаас дээж авахад 4 худагт уран зөвшөөрөгдөх хэмжээнээс 4.4-11 дахин их гэж гарсан. Түүнчлэн Гүн Сухайт, Хонгорын ус, Дэнгийн ус, Өвгөн мод, Цагаан эргийн булгийн усыг удаан хугацаагаар ашиглавал хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулна. Иймд энэ худгийн усыг зайлшгүй цэвэршүүлж уухыг зөвлөж байна” гэлээ.

Холбоотой мэдээ