УИХ-д өргөн мэдүүлсэн 30 хуулийн төслийг төсөл санаачлагчид буцаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-06 14:00:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Зарим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.


Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуралдаан даргалагчаас дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах чиглэл өгсний дагуу хэлэлцүүлэг үргэлжилж байгааг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. УИХ-д өргөн мэдүүлсэн, хэлэлцүүлэгт оруулахаар дараалалд байсан 99 хуулийн төслөөс 30 хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй хэмээн үзсэн юм.


Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Х.Нямбаатар, Д.Ганбат, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Дараа нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын гаргасан “Зарим хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл буцаах тухай” тогтоолын төслийн хавсралтын 22 буюу Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг жагсаалтаас хасуулах зарчмын зөрүүтэй саналаар санал хураав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 76.9 хувь нь уг саналыг дэмжив. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын баг байгуулах асуудлыг хэлэлцэв. Тус ажлын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилох санал хураахад гишүүдийн 69.2 хувь нь дэмжсэн юм.

Холбоотой мэдээ