"Фронт" С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-06 20:06:22
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.  Монгол Улсын гавьяат малчин, ахмад настан, “Фронт” С.Цэгмид өнөөдөр ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардан авлаа.

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвд өнөөдөр болж, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов ОХУ-ын Ерөнхийлөгч Владимор Путины зарлигийг уншин сонордуулж, шагналыг гардуулан өгчээ.

Дэлхийн түүхнээ хар мөр үлдээсэн дэлхийн хоёрдугаар дайны түүхэн гэрч болсон өдгөө 98 настай энэ буурай Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат.

Нутгийнхаа энэ сайхан буурайн түүх, амьдралыг таньж мэдэх тусам хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны баталгаа болсон түүхэн энэ хүнээр бахархах сэтгэл төрж, ийм өндөр насандаа 78 жилийн тэртээх үйл явдлыг тод томруунаар санаж, ирээдүй хойчдоо хүүрнэн ярьж, таниулж байгаад чин сэтгэлээс талархан сууна.

Тэрээр Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн өдрүүдэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медаль, ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”, Монгол Улсын гавьяат малчин цол, ”Ахмад дайчин” цол тэмдэг, “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнуулсан ба өнөөдөр ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-гоо ийнхүү гардан авч байгаа ажээ.

Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалиар нийт 1212 хүн шагнуулсны дотор 13 орны 40 иргэн шагнуулсан байна. Тэдгээр алдартнуудын нэг нь С.Цэгмид гуай байлаа.  

ЗХУ-д хүргэсэн тусламжийн хэмжээ нь тухайн үеийн Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээтэй байсан бөгөөд тухайн үед үзүүлсэн тусламжийн гуравны нэг нь Монгол Улсаас очсон байдаг аж.

Сүрэнхорлоогийн Цэгмид 1942 оны арванхоёрдугаар сард 18 насандаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан гэдэг.

Монгол Улсаас фронтод илгээсэн бэлгийн гурав дахь цуваагаар 217 вагон бүхий дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлс хүргэж, мөн ард түмний хөрөнгөөр боссон 40 танкийг чин сэтгэлийн бэлэг болгон хүлээлгэн өгч байсан ба тэрээр энэхүү түүхэн үйл явдлын гэрч нь болж, өнөөдөр энэ дурсамжаа хуваалцан хүүрнэсэн юм. 

Холбоотой мэдээ