“Batman” киноны нээлтийг дахин хойшлууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-10-07 15:26:21

ВАШИНГТОН. /CNBC/. Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед кино студиуд шинэ уран бүтээлийнхээ нээлтийн хугацааг хойшлуулах шийдвэрийг гаргасаар байна.


Warner Bros” компани даваа гарагт “Dune” киноныхоо нээлтийг хойшлуулснаа зарласан бол мягмар гарагт “Batman” кинотой холбоотой шийдвэрийг танилцуулжээ.


Алдарт жүжигчин Роберт Паттинсон гол дүрийг нь бүтээж буй “Batman” киноны нээлтийг 2021 оны 10 дугаар сарын 1-нд товлоод байсан боловч 2022 оны гуравдугаар сарын 4 хүртэл дахин хойшлуулсан байна.


Batman” киноны зураг авалт цар тахлын улмаас олон сарын турш зогссоны эцэст энэ оны есдүгээр сарын эхээр эхлүүлсэн боловч Р.Паттинсоны коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсны улмаас дахин зогсоожээ. Уг явдал киноны нээлтийг хойшлуулахад нөлөөлсөн байж магадгүй ажээ.  


Мөн “Regal”, “Cineworld” кинотеатрын сүлжээ АНУ, Их Британи дахь үйл ажиллагаагаа дэлгэрэнгүй мэдээлэл гаргах хүртлээ зогсооно гэдгээ саяхан мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ