Киргизийн Засгийн газрын ордонд Ардын зохицуулах зөвлөл хуралджээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-07 17:04:21

БИШКЕК. /TASS/. Киргизийн улс төрийн намуудын лхагва гарагт байгуулсан Ардын зохицуулах зөвлөл тус улсын Засгийн газрын ордонд зөвлөгөөн хийлээ гэж ТАСС агентлагийн сурвалжлагч үйл явдлын газар дээрээс мэдээлсэн байна.


Энэ нь Киргизэд сүүлийн нэг хоногийн дотор байгуулагдсан бас нэг зохицуулах зөвлөл бөгөөд бүрэлдэхүүнд нь “Ордо” /“Төв”/, "Мекен Ынтымагы" /“Үндэсний эв нэгдэл”/, “Шинэчлэл” болон "Ыйман нуру" /“Итгэлийн гал”/ нам орсон байна. Харин үүнээс нэг өдрийн өмнө “Бүгд Найрамдах Улс”, “Ата Мекен” /“Эх орон”/, "Бутун Кыргызстан" /“Нэгдмэл Киргиз”/, "Бир бол" /“Эв нэгдэл”/, "Замандаш" /"Орчин үе"/ намууд болон социал-демократууд Зохицуулах зөвлөл байгуулсан тухайгаа мэдэгджээ.


Ардын зохицуулах зөвлөлийн хурал Засгийн газрын ордны гуравдугаар давхарт дөрвөлжин танхим гэгддэг танхимд болж, удирдагч нар нь эрх мэдэл өөрсдөд нь шилжиж байгааг зарласан баримт бичигт гарын үсэг зурж, одоогийн парламентын бүрэлдэхүүнийг хуулийн эрхгүй гэж мэдэгджээ. Ардын зохицуулах зөвлөлийн дарга Темирбек Асанбеков зөвлөгөөний үеэр уг зөвлөл эрх мэдлийг булаан авахыг оролдоогүй гэдгийг мэдэгдээд, шударга сонгууль явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.


Киргизийн Засгийн газрын ордонд одоогоор байдал тайван байна. Сэтгүүлчдийн бичиг баримтыг шалгаж, ажилд нь саад болохгүй байгаа аж. Тус улсын нийслэл Бишкек хотод байдал ерөнхийдөө тайван байна гэж ТАСС-ын сурвалжлагч мэдээлжээ.


Холбоотой мэдээ