Аймгийн онцгой комисс талархал илэрхийлэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-10-07 21:06:32

Дорнод /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын үед аймгийн Онцгой комисст хандив дэмжлэг үзүүлсэн иргэд, ААН, байгууллагуудад хүндэтгэл үзүүлж, талархал гардууллаа.

Дорнод аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, ЕБС, цэцэрлэг, үе үеийн төгсөгчид, Ахмадын хорооны ажилтнууд, Дорнод аймгийн нутгийн зөвлөл, Хэрлэн сумын ахмадын холбоо, Бизнес эрхлэгчдийн холбоо, сүм, хийд зэрэг 76 төрийн болон төрийн бус байгууллага, 7 иргэнээс нийт 154 сая төгрөгийн мөнгөн болон бараа материалын хандив тусламжийг Онцгой комисст үзүүлсэн байна.

Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн: “Нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө хүнд хэцүү үед тусламжийн гараа сунгасан иргэд, аж ахуй нэгж байгууллагууддаа Онцгой комисс болон аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье” гэсэн юм. Хүмүүнлэгийн тусламжийг Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэрийн дагуу Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага дээр бүртгэн авч, тодорхой хяналтын дор Онцгой комиссын шийдвэрийн дагуу нэн хэрэгцээ шаардлагатай газруудад хүргэж ажилласан байна. 

Холбоотой мэдээ