Д.Шижирбаатар: Залуу боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллах тал дээр зайлшгүй анхаарах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-10-08 17:05:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын хөгжил сумаас гэдэг. Тэгвэл улс орон минь хөгжин дэвшиж байна гэдгийн тод жишээг Уулбаян сумаас харж болно. Аймгийн тэргүүний сумаар удаа дараа тодорч, өнгөрсөн онд бүсээсээ шалгаран Улсын тэргүүний сумд өрсөлдсөн тус сумын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын их ажлынх нь талаар Засаг дарга Ж.Шижирбаатартай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан намаржиж байна уу?

-Нутагт минь сайхан намар болж байна.

-Өнгөрсөн дөрвөн жил үнэхээр их ажил өрнүүлсэн, бүтээн байгуулалтыг эрчимжүүлсэн он жилүүд байсан гэлээ. Ярианы эхэнд 2016-2020 онд хийсэн гол ажлуудаа танилцуулна уу?

-Өнгөрсөн хугацаанд нийгмийн бүхий л салбарт анхаарч, тодорхой хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлэж ажиллалаа. Би ер нь дан ганц улс, аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтыг шүтээд байдаггүй. Бүх юм хязгаарлагдмал шүү дээ. Тиймээс үүний хажуугаар гадаад дотоодын төсөл, хувийн хөрөнгө оруулалтуудыг яаж татах вэ, хэрхэн үр ашгийг нь хүртэх вэ гэдэгт анхаарч ажилладаг. Мэдээж улс, аймаг орон нутгийн төсвөөр томоохон ажлууд хийсэн. Жишээлбэл, улсын төсвийн хөрөнгөөр 240 хүний суудалтай соёлын төв, 75 хүүхдийн сурагчийн дотуур байр барьж байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч гэдэг утгаараа аймаг орон нутгийн төсөвт орон нутгийн шаардлагатай ажлыг тусгуулахад анхаардаг. Сүүлийн ганцхан жилд гэхэд  аймгаас 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадлаа. Хашаа хороогоо цэгцлэх, газар чөлөөлөх ажлыг 80 сая төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Шинэ суурьшлын бүс байгуулж дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэлээ. Зорилтот 35 өрхөд гэр олгож, 40 өрхийг малжууллаа, хоггүй орчин бүрдүүлэх зорилгоор хог зөөврийн зориулалтын авто машинтай боллоо гээд үр дүнтэй хөрөнгө оруулалтын ажлууд их хийсэн байна.

-Тэгвэл гаднаас татсан хөрөнгө оруулалтаар ямар ажлуудыг хийв?

-Би өөрөө боловсролын салбарын хүн, дээрээс нь сум орон нутгийн ирээдүй бол хүүхдүүд гэдэг утгаараа энэ салбарт маш их анхаардаг. ОНХС-гийн хөрөнгөөр халуун хүйтэн устай, жилийн дөрвөн улиралд ажиллах орчин үеийн шийдэл бүхий ариун цэврийн байгууламжийг сургуульд шинээр хийлгэсэн. Энэ ажил аймагтаа анхдагч гэж хэлж болно. Мөн “Алслагдсан бага дунд боловсролын чанар үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд сургуулийн хамрагдалтыг нэмэгдүүллээ, Тайландын гүнжийн төслийн хөрөнгө оруулалтаар “Сургуулийн туслах аж ахуйг хөгжүүлэх нь” төслийн санхүүжилтээр 2 га газрыг хашаажуулж, гүний худаг гарган өгснөөр сургуулийн багш, ажилчид өөрсдөө хүнсний ногоо, мод тарьсан. Ингэснээр сургуулийн болоод дотуур байрны сурагчид цэвэр монгол ногоог хүнсэндээ хэрэглэж байна. Манай суманд хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн томоохон ажил гэвэл Эрдэнэхүү багш маань буяны олон жандагуудынхаа хамтаар 1,6 тэрбум төгрөгийн өртөг бүхий хийдийг байгуулж, ашиглалтад орууллаа. Хийдийн гадна талбайн тохижилтыг бүрэн шийдвэрлэж өгсөн. Мөн саяхан 85-100 хүний хүчин чадалтай, их 15 ханатай Ёслол хүндэтгэлийн их өргөөг 200-гаад сая төгрөгийн өртгөөр хийсэн. Үүнээс гадна зорилтот бүлгийн таван өрхийг хашаажууллаа. Үүнд 13 сая төгрөг зарцуулсан. Энэ бол сум орон нутагт хийсэн маш том хөрөнгө оруулалт. Үүнээс гадна төр болон төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар 100 гаруй сая төгрөгийн өртөг бүхий өвс тэжээлийн агуулах, саравчийг тун удахгүй ашиглалтад хүлээн авахад бэлэн болоод байна. Дан ганц сумын төв гээд хөдөөний багаа орхигдуулж бас болохгүй. Тиймээс хөдөөгийнхөө гурван багийг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүгдийг тохилог сайхан байртай болголоо. Ингэснээр малчид маань төрийн бодлого шийдвэртэйгээ танилцаж, мэдээ мэдээлэл авах, иргэд өөр хоорондоо асуудлуудаа хэлэлцэн шийдвэрлэхээс гадна урлаг соёлын бүхий л үйл ажиллагааг энэхүү байрандаа авах боломжтой болсон.


-Бүтээн байгуулалтад анхаарах нь зүйн хэрэг. Гэхдээ сум орон нутгийн зүгээс иргэдээ хөгжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр хэрхэн анхаарч ажиллав?

-Мэдээж тэгэлгүй яахав. Хувь хүний төлөвшил, хөгжил гэдэг бол хөгжлийн бас шалгуур үзүүлэлт. Тиймээс миний хувьд хамгийн түрүүнд иргэдээ эрүүл байлгах нь чухал гэж үздэг. Энэ хүрээнд аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран сүүлийн зургаан жил дараалан явуулын амбулаторийн үзлэгийг зохион байгуулж байна. Ингэснээр иргэд бүх төрлийн нарийн үзлэг оношилгоог сумандаа авч байна. Үүний үр дүнд 70 гаруй иргэний амь нас аврагдаж, 30 гаруй хавдрыг илрүүлсэн таатай мэдээ бий. Нөгөө талаар хөдөлгөөн бол эрүүл байх гол үндэс. Тиймээс бүх нийтийг хамруулах зорилгоор нийтийн цэнгээнт бүжгийг иргэдэд заалгаж, бүх насныхан нь нийтийн цэнгээнт бүжиг хийдэг анхдагч сум боллоо. Энэ ажил маань улсын хэмжээнд жишиг болж, манай сумын араас үүнийг хэрэгжүүлж буй газрууд их байна. Хүний хөгжил, тэр дундаа хүүхдийг багаас нь хөгжүүлэх чухал. Тиймээс засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зардлаас санхүүжүүлж, 45 хүүхдийг шатрын дугуйланд хамруулж эхлээд байна. Дугуйланг мэргэжлийн багш заадаг. Өнгөрсөн жил анх удаа үндэсний сурын холбоог байгуулж, нум сум, хасаа гээд шаардлагатай хэрэгслээр нь хангаснаар үндэснийхээ спортыг хөгжүүлэх, хүүхэд багачууд төдийгүй залуучууд энэ спортоор хичээллэж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж байна. үүний үр дүн ч богино хугацаанд гарч энэ жилийн наадмаар манай холбооноос аймгийн мэргэн нэг, сумын мэргэн тус тус шинээр төрөн гараад байна. За тэгээд мэргэжлийн багш, лекторуудыг урилгаар авчирч бүхий л төрлийн сургалт лекцүүдийг тогтмол авч байна.

-Уулбаян сумын ногоон байгууламж жилээс жилд нэмэгдэж байгаа нь харагддаг. Энэ ажлыг хэрхэн зохион байгуулдаг юм бэ?

-Манай сум элсний нүүдэл ихтэй, хөрсний доройтолд орсон. Тиймээс мод тарих гэдэг бид бүхний зайлшгүй хийх ёстой гол ажлуудын нэг. Бид сүүлийн дөрвөн жилд нийт 33 мянган мод тарьж ногоон байгууламжаа нэмэгдүүллээ. Байгаль хамгаалах сан болон бусад хөрөнгө оруулалтын замаар иргэдтэйгээ хамтран энэ ажлыг гүйцэтгэдэг.

-Амьдрах ая тухай орчин нөхцөл нь бүрдэж байна. Харин иргэдэд ажлын байр чухал. Орон нутагт ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлсэн бэ?

-Мэдээж ажлын байр хамгийн чухал. Энэ бол нийгмийн тулгамдсан асуудал. Хаана ч энэ асуудал яригддаг шүү дээ. Бид ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах ажлыг зайлшгүй хийх ёстой. Энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд 27 өрхийг малжуулах ажилд 80-аад сая төгрөг зарцууллаа. Сум хөгжүүлэх сангийн 200-гаад сая төгрөгийн зээлийг 18 төсөл хэрэгжүүлэгчид олгосноор нийт 67 ажлын байрыг шинээр гаргасан байна. Бүтээн байгуулалтын ажил их хийж байгаатай холбоотойгоор түр ажлын байранд иргэдийг их хамруулдаг. Ингэснээр дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж, ажилгүйдлийг жилээс жилд бууруулж байгаа гэж дүгнэдэг.

-Иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах чиглэлээр хийсэн ажлууд тань бас л аймагтаа жишиг болохуйц гэж хэлж болно. Энэ талаар?

-Мэдээж энэ бас л чухал асуудлын нэг. Амьдрах орчин ая тухтай байхаас гадна аюулгүй байх ёстой. Манай суманд гэмт хэрэг багагүй гардаг. Тиймээс иргэдийнхээ болоод эд хөрөнгөнийх нь аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн байгууллагатай нягт хамтран ажилладаг. Энэ утгаараа саяхан хэсгийн цагдаа төлөөлөгч нарынхаа ажиллах нөхцөлийг сайжруулж, орон нутгийн хөрөнгөөр кубоныг нь иж бүрэн засварлалаа. Мөн унаажуулж нэг автомашин, нэг мотоциклоор хангаснаар сүүлийн үед гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн гэдэг таатай мэдээ байна. Үүнээс гадна сумын төвөө бүрэн камержуулж, зам дагасан болон гудамж талбайн гэрэлтүүлгийг нэмэгдүүллээ. Ингэснээр иргэдийн аюулгүй байдлыг хангаж байгаа гэж хэлж болно.

-ХАА, мал аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих чиглэлээр хэрхэн анхаарч ажиллав?

-Мэдээж эдийн засгийн гол үндэс бол МАА. Тиймээс малчдын орлогыг нэмэгдүүлэх ажлыг дорвитой хийх шаардлагатай. Сум орон нутгийн түвшинд бодлогоор дэмжиж хийгээд ч хүчрэхгүй асуудал бий. Тиймээс үүнд төрийн хүчтэй бодлого хэрэгтэй. Би дээр хэлсэн шүү дээ. Манай сумын бэлчээр доройтолд орсон, даац хэд дахин хэтэрсэн гээд хэцүү асуудлууд бий. Бэлчээрийн газрын маргаан ч малчдын дунд гарч байдаг. Тиймээс сум орон нутгийн түвшинд эхний ээлжинд булаг шандны эхийг хашиж хамгаалах, уст цэгийг тогтоох, гүний болон гар худгууд гаргах замаар бэлчээрийн асуудлыг шийдвэрлэхийг зорин ажилладаг. Нөгөө талаар төр засгийн зүгээс малыг чанаржуулах, малын тоонд бус чанарт анхаарах тал дээр байнга малчидтай хэлэлцэж, зөвлөдөг. Гэвч мөн л үүнд төрийн нэгдсэн зохицуулалт хэрэгтэй.

-Уулбаян суманд хоёр ч уул уурхайн компани үйл ажиллагаа явуулж байна. Таны хувьд ер нь уул уурхайг хэр дэмждэг вэ? Өнгөрсөн жил үүнтэй холбоотой үл ойлголцлууд иргэдийн дунд их гарсан шүү дээ?

-Тийм ээ. Миний хувьд нэг суманд уул уурхай хэт олон байх хэрэггүй гэж үздэг. Өнөөгийн байдлаар манайд төмрийн хүдрийн Эм Эл Цахиурт овоо, Улаан чулуутын жоншны гэсэн хоёр уурхай ажиллаж байна. Хариуцлагатай уул уурхайг дэмжих замаар хамтран ажилладаг. Тус уурхайнуудаас нийгмийн хариуцлагын хүрээнд хүлээх үүргийнх нь дагуу сум орон нутагт зохих хөрөнгийг татаж, бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцуулж байна. Үнэхээр зөв ашиглаж чадвал тэдний хүч, хөрөнгө сум орон нутагт хэрэгтэй. Сүүлийн үед үүсч буй нэг асуудал бол "Шинэ уужим орд" ХХК сумын усны эх үүсвэрийн газар, мөн тахилгат овооны ойролцоо ашиглалт хийх зөвшөөрлийг авсан байдаг. Үүнийг нутгийн ард иргэд эсэргүүцэж байгаа, би ч иргэдийнхээ талд байгаа. Гэвч сумын удирдлагын түвшинд зөвшөөрлийг цуцлах хүч, тийм эрх ч байхгүй. Хуулийн зохицуулалт нь үнэхээр учир дутагдалтай байна. Гэхдээ л энэ уурхайн үйл ажиллагааг би эрс эсэргүүцэж байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэж, зөвшөөрлийг нь хүчингүй болгож өгөх хүсэлтийг УИХ-ын гишүүд болон холбогдох хүмүүст уламжилсан хэвээр байна.

-Аймгийн төвтэй ойр байдаг сумдад тулгардаг нэг асуудал бол иргэдийн шилжилт хөдөлгөөн байдаг. Сумандаа гэхээсээ илүү аймгийн төврүү орж хүүхдээ сургах, ажиллаж амьдрах иргэд цөөнгүй байдаг шүү дээ. Энэ асуудал танайд хэр гарч байна, иргэдийн шилжилт хөдөлгөөний тухайд?

-Мэдээж шилжилт хөдөлгөөн одоо ч бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд шилжин явах иргэдийн тоо буурч, харин ч зорин ирэх иргэдийн тоо нэмэгдсэн. Энэ нь сум орон нутаг иргэдийн ажиллаж амьдрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж буйтай холбоотой байх. Гэвч цаашид ажлын байрыг нэмэгдүүлэх, залуу боловсон хүчнийг орон нутагтаа татаж, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах тал дээр анхаарах зайлшгүй шаардлагатай. Тиймээс бид шинээр ирж буй боловсон хүчнийг орон байраар нь хангах асуудлыг маш их чухалчилж, үүнийгээ ч хэрэгжүүлж эхэлсэн.

-Цаашид хийж хэрэгжүүлэхээр бодож төлөвлөсөн ажил байгаа л байх. Ерөнхий суурь ажлууд нь хийчихсэн. Тэгэхээр ирэх жилүүдэд таныг арай том харах байх гэж бодож байна?

-Баярлалаа. Ирэх жилүүдэд нийгмийн бүхий л  давхарга үр дүн хүртсэн сум болох зорилтыг дэвшүүлсэн. Үүнийхээ хүрээнд бодож төлөвлөсөн ажлууд их бий. ХАА-д суурилсан ЖДҮ-ийг маш сайн хөгжүүлэх замаар өсөлтийг өрх бүрт гаргах хэрэгтэй. Мөн 2024 онд буурал түүхт Уулбаян сумын маань 100 жилийн түүхэн ой тохионо. Тиймээс одооноос бүтээлч ажлуудыг хийх ёстой. 100 жилээ угтсан 100 бүтээлч ажил хийнэ гэж бодож байна. Хамгийн том ажил бол Баруун-Урт Мөнххаан сумын хатуу хучилттай замд Уулбаян сум холбогдох явдал. Үүнийг УИХ-ын хоёр гишүүнтэй хамтран хийнэ. Энэ бол маш том ажил. За тэгээд ус цэвэршүүлэх байгууламжийг байгуулах, 200 хүүхдийн цэцэрлэг шинээр барих, сумын төвийг нэгдсэн халаалтад холбох, стандартын мал нядалгааны газар байгуулах, машин техникийн тоо ихэсч байгаатай холбоотойгоор ШТС-ыг нэмэгдүүлэх гээд хийх ажлууд үнэхээр их байна.

-Ярилцсанд баярлалаа.


 

Холбоотой мэдээ