Окинавад гарсан хүн амины хэрэгтэй холбогдуулан Японы БХЯ эсэргүүцэл илэрхийллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-21 16:22:55

ТОКИО. /TASS/. Окинава аралд Америкийн тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан нэгэн этгээд нутгийн бүсгүйн амийг хороосон хэрэг гарсантай холбогдуулан Японы тал АНУ-д эсэргүүцэл илэрхийллээ. Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатани АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний дэслэгч генерал Лоренс Николсонд уг хэргийн талаарх Японы талын байр суурийг танилцуулсан байна.

Үүний өмнөхөн Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида АНУ-аас тус улсад суугаа элчин сайд Кэролайн Кеннедиг дуудан ирүүлж, албан ёсоор эсэргүүцэл илэрхийлжээ.  

Одоо саатуулагдан хоригдож буй 32 настай Америкийн иргэн нь Окинава аралд амьдардаг 20 настай япон бүсгүйн амийг бүрэлгэсэн гэдгээ хүлээсэн байна. Тэрбээр хохирогч эмэгтэйг хэд хэдэн хутгалж хөнөөснийхөө дараа цогцсыг нь нуужээ. Чухам ямар сэдлээр ийм хэрцгий аллага үйлдэх болсон нь одоогоор тодорхой бус байна.

Окинава арлын цагдаа нар пүрэв гарагт Япон дахь Америкийн цэргийн баазад ажилладаг АНУ-ын иргэнийг хүн амины хэрэгт холбогдуулан баривчилжээ. Түүнийг баривчилснаас хэдхэн цагийн дараа Онна тосгоноос япон бүсгүйн цогцсыг илрүүлэн олсон байна. Америк эр өмнө нь тэнгисийн явган цэрэгт алба хааж байгаад халагдсаныхаа дараа баазын энгийн ажилтан болсон аж.

Энэхүү ноцтой хэрэг Япон даяар ард иргэдийн жигшил дургүйцлыг төрүүлсэн байна. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэхдээ “би ийм хэрэг гарсанд жигшин зэвүүцэж байна. Ийм хэргийг цаашид гаргуулахгүйн тулд хатуу арга хэмжээ авахыг Америкийн талаас шаардах болно” гэж мэдэгдлээ. Түүний зэрэгцээ Окинава арал болон нийслэл Токио хотод жагсаал цуглаан болж, ийм ноцтой хэргүүд гарсаар байгааг таслан зогсоохыг шаардсан байна.

Ирэх долоо хоногт Японд болох Шинзо Абэ, Барак Обама нарын уулзалтын үеэр уг ноцтой асуудлыг хөндөж магадгүй юм.

Д.Нямтулга 

 

Холбоотой мэдээ