Оросын байгаль хамгаалагчид Улз голын далангийн ажлыг зогсоохыг хүсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2020-10-10 16:22:08

ЧИТА. /TASS/. ОХУ-ын Өвөр Байгалын хязгаарын Даурийн дархан цаазат газрын удирдлагууд Монголын Улз гол дээр  барьж буй далангийн ажлыг зогсоох тал дээр анхаарал хандуулахыг Байгалийн нөөц, экологийн яамнаасаа хүсжээ.


Дээрх байгууламж нь Торейн нуурууд болон ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн "Даурийн үзэсгэлэнт газрууд"-д бүхэлд нь аюул учруулж байна гэж дархан цаазат газрын ажилтнууд мэдэгдсэн байна.


“Даурийн үзэсгэлэнт газрууд” нь Орос, Монголын нутаг дэвсгэрийг дамнан оршдог бөгөөд Оросын талаас Даурийн дархан цаазат газар, мөн байгалийн нөөц газар болох “Зээрийн хөндий”-н Өвөр Байгалын хязгаар дахь хэсэг, харин Монголын талаас “Монгол Дагуур” тусгай хамгаалттай газар ордог байна. Даур бол харанхуй шилмүүст ой байгалийн жамаараа сэрүүн эх газрын нуга болж хувирдаг дэлхийн цорын ганц эко бүс юм. Энд байгалийн үзэсгэлэнт газруудын бүхэл бүтэн цогцолбор, олон арван ховор амьтдын төрөл зүйл байдаг. 2017 онд уг газрыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан бөгөөд энэ нь түүнийг хадгалан хамгаалахын тулд улс орнууд хатуу үүрэг хүлээх ёстой гэсэн үг юм.


“Хил дамнасан Улз гол дээр далан барих ажил энэ оны долоодугаар сард Оросын талд мэдэгдэлгүйгээр, голын адаг хэсгийн байгалийн системд болон уг голын цутгал болох Торейн нууруудад үзүүлэх нөлөөллийн талаар хамтарсан үнэлгээ хийлгүйгээр эхэлсэн. Төслийн баримт бичгээс үзвэл, зөвхөн усан санг дүүргэхэд зургаан сарын урсацтай тэнцэх хэмжээний ус шаардагдах бөгөөд хуурай үед Улз гол жил бүр хэд хэдэн удаа ширгэдэг” гэж байгаль хамгаалагчид ОХУ-ын Байгалийн нөөцийн яаманд тавьсан хүсэлтдээ дурджээ.


Даурийн дархан цаазат газрын мэргэжилтнүүдийн тооцоолсноор,  усан сангийн толин тусгалын талбайн хэмжээ 10.2 хавтгай дөрвөлжин км бөгөөд хуурай жилүүдэд усны алдагдал дор хаяж 39 хувьд хүрч болзошгүй гэнэ. Энэ нь Торейн нуурууд 30 жилийн мөчлөгөөр дүүрч, ширгэдэг учир уг нууруудын хувьд маш чухал аж.


“Торейн нууруудын олон жилийн мөчлөгт усгүй, бага устай үеүд 4-10 жилээр нэмэгдэх нь гамшгийн үр дагаварт хүргэнэ. Байгалийн нөхцөлд 10-16 жил үргэлжилдэг хуурай үе нь усны шувууд үржих, газар тариалан эрхлэхэд хангалтгүй байдаг бол 18-22 жил үргэлжилдэг чийглэг үед шувуудын тоо толгой сэргэдэг” гэж Даурийн дархан цаазат газрын захирал Алексей Черепицын хүсэлтдээ бичжээ.


Судалгааны асуудал эрхэлсэн дэд захирал Олег Горошкогийн тайлбарласнаар, энд сая сая нүүдлийн болон үүрлэдэг шувуудын тухай яригдаж байгаа аж. "Энэ нь олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шувууны бүс нутаг бөгөөд дэлхийн Зүүн Ази-Австралийн нүүдлийн зам дахь шувуудын амьдрах орчны хамгийн чухал хэсэг юм. Түүнчлэн реликт цахлай, Даурийн тогоруу, хар тогоруу, цагаан тогоруу, тоодог, хошуу галуу зэрэг дэлхийд ховордсон шувуудын гол амьдрах орчин болдог" гэж тэрбээр хэлэв.


Олон улсын анхаарал

Торейн нуурууд нь Өвөр Байгалын хязгаарын хамгийн том нуурууд болох хоорондоо холбоотой Баруун Торей, Зүүн Торей нуураас тогтдог байна. Есдүгээр сард нуурууд сүүлийн 11 жилд анх удаа дүүрч эхэлж, хэдхэн хоногийн дотор нүүдлийн усны шувуудыг татжээ.


Хамгийн сүүлд их устай үе 1998 онд тохиосон бөгөөд үүний дараа усны түвшин буурч эхэлсэн байна. 2009 онд Баруун Торей нуур ширгэсэн бол Зүүн Торей нуур нь 2017 онд ширгэжээ. Эрдэмтдийн тооцоолсноор, дараагийн хуурай үе нь 2033 онд эхлэх бөгөөд хэрвээ Монгол Улсад далан барих төлөвлөгөө өөрчлөгдөхгүй бол тэр үед уг байгууламж хэдийнэ баригдсан байна.


Энэ асуудалд мөн “Хил хязгааргүй гол мөрөн” олон улсын байгаль хамгаалагчдын эвсэл анхаарлаа хандуулж, есдүгээр сарын сүүлчээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд албан ёсоор гомдол гаргажээ.


“Усны байгууламжийг шинээр барьж байгуулах цаад зорилгын талаар бид эргэлзэхгүй байна. Учир нь Улз голын ай савын ус ашиглагчдын 80 орчим хувь нь Монголын уул уурхайн компаниуд байдаг. Өөрөөр хэлбэл Дэлхийн байгалийн өвийн хосгүй газар зөвхөн ашигт малтмал олборлох, боловсруулах хэмжээг нэмэгдүүлэх гэсэн зорилгоос болж усны гол эх үүсвэргүй болох гэж байна" гэж Александр Колотов ярьжээ.


Өвөр Байгалын хязгаарын захирагч Александр Осипов мөн энэ асуудалд оролцож, ОХУ-ын Гадаад хэргийн яам болон ОХУ-ын Байгалийн нөөцийн сайдад байгаль орчны сүйрлээс урьдчилан сэргийлэхийг хүссэн захидал илгээсэн байна.


Далан ба Байгал нуур

Улз голын далантай холбоотой асуудал нь Оросын байгаль хамгаалагчид Монголд усны барилга байгууламж барихыг эсэргүүцэж байгаа анхны тохиолдол биш юм.


Эрчим хүчний хомсдолд ороод байгаа Монгол Улс өмнө нь Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрөн болон тус мөрөнд цутгадаг голууд дээр УЦС барихаар төлөвлөж байсан билээ.


Сэлэнгэ мөрний сав газрыг ашиглан эрчим хүч гарган авах нь Байгал нуур болон уг мөрний  экологийн тогтолцоонд сөргөөр нөлөөлнө гэж эрдэмтэд үзэж байгаа юм.


Сэлэнгэ мөрөн дээр барих “Шүрэн”-гийн УЦС-ийн төслийг санхүүжүүлэхэд бэлэн байгаагаа Дэлхийн банк мэдэгдэж байсан боловч 2017 онд экологичдын оролцоотой Орос, Монгол улсад олон нийтийн хэлэлцүүлэг явуулсны дараа УЦС-ыг барьж байгуулахад гарч болзошгүй бүх үр дагаврыг үнэлэх зорилгоор төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг түр зогсоосон билээ.

Холбоотой мэдээ