Д.Басандорж: Бид хэрэглээний усныхаа 60 хувийг жорлонд урсгадаг

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-10-12 11:50:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд бид цэвэр, ундны усаараа гэр орон, байгууллагынхаа шалыг, машинаа угаадаг цамаан зангаа татах цаг болсныг доктор Д.Басандорж сануулж байна. Машинаа угааж буй тэр ус нь гадаргын бус, бүр гүний ус шүү...

Манайд нийслэл томоохон суурин газрын  иргэд гадаргуугийн усыг бага, гүний усыг түлхүү хэрэглэдэг нь нийслэлийн Байгаль орчны газрын мэдээгээр гарчээ. Тодруулбал, хүн амын 50 гаруй хувь буюу 1.5 сая хүн оршин сууж буй Улаанбаатар хотод усны нийт хэрэглээний 20 хүрэхгүй хувийг гадаргын усаар хангаж, 80 хувийг газар доорх ус эзэлж байх жишээний. 

Доктор Д.Басандоржийн хэлснийг цааш өгүүлбэл, "Өнөөдөр манай улс ахуйн хэрэглээндээ цэвэр усаа татаад бохироо цааш нь явуулдаг тогтолцоотой байгаа. Энэ нь бид хэрэглэж буй усныхаа 60 хувийг жорлонгоороо асгачихаж байна гэсэн үг. 200 литр ус хэрэглэж байна гэж бодоход 140 литрийг бид зөвхөн бие засахдаа хэрэглээд жорлонгоороо дамжуулан урсгаж байна. Нэг татахдаа 13 литр ус урсгаж байна. Цэвэр усны нөөцөө хамгийн үр ашиггүй зарцуулж буйн нэг тод жишээ энэ юм.

Ус нь үнэ цэнэгүй үнэлэмжгүй, усаа хэмнэх эрх зүй, эдийн засгийн бодлого шийдэл байхгүйгээс “Усаа хайрлая” гэж хоосон шоудаж ярьцгаагаад амьдрал практик дээр хэрэгжүүлж байгаа зүйл алга, Ер нь нэг талаасаа цэвэр ус аваад нөгөө тийш нь бохирдуулж хаядаг ийм л тогтолцоо өнөөдрийг хүртэл үйлчилсээр байна. Ус бохирдуулсан этгээд төлбөр төлөх хууль батлагдаад бараг 10 жил болох гэж байгаа ч хэрэгжихгүй, хэрэгжүүлэхгүй байсаар он жилүүд урсаж, усны нөөц бохирдсоор байна" гэв. 


Бохир усыг яг л шил лааз шиг түүхий эд гэж харах цаг болсон


"Тэгвэл дээрх байдлыг яаж өөрчилж, яаж шийдэх вэ?" гэсэн асуултад тэрээр, "Энэ бол шийдэх боломжгүй, хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардаад байх ажил биш. Жорлонгийн татуургаар алдаж буй усыг буцааж татаад цэвэршүүлэн ариун цэвэр нойлын өрөөнд ашиглах замаар хэрэглээний усныхаа 50-60 хувийг дахин ашиглах бололцоотой. Саарал усны менежментийг нэвтрүүлэх хэрэгтэйг хэлж байна. 

Гэхдээ манайд одоо энэ талаар тогтоосон норм алга. (Манай улс саарал усыг цэвэршүүлж, гүн боловсруулаад эргүүлэн ашигллах төслийг 2021-2026 онд хэрэгжүүлнэ гэсэн БОАЖЯ-ны мэдээ бий).

Тиймээс стандарт бий болгох хууль эрхзүйн ажлыг эхлээд хийх хэрэгтэй байна. Манай эрдэмтэн мэргэжилтнүүд 10 гаруй сургууль, цэцэрлэгийн зөөж аваачиж хаядаг бохир усыг тэнд нь цэвэршүүлээд ногоон байгууламжид нь ашигладаг ажлыг хэдийн хийгээд байна" гэлээ. 


Тэрээр, "Ер нь бид ахуйн сэтгэлгээ, хандлагаа өөрчилж бохир усыг бохирдсон ус гэж бодоод урсгаж болохгүй, яг л шил лааз цуглуулдаг шиг бохир усыг түүхий эд гэж харах цаг болсон.

Саарал ус ашиглахдаа энд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдлүүлж байж асуудлыг шийднэ. Цэвэр усаар машинаа, шалаа угаадаг цамаан хэрэглээгээ хумих цаг болсон" гэдгийг давтан хэлж байна.

Ус хэмнэж байгаа, бохир усыг цэвэрлэж эргүүлээд ашиглаж байгаа бол эдийн засгийн урамшуулал дэмжлэг үзүүлэх замаар эрх зүйн орчинг нэвтрүүлж, ядахдаа ус хэмнэдэг, ус цэвэрлэдэг технологи тоног төхөөрөмжийг гааль худалдаа, НӨАТ-өөс чөлөөлөх замаар цэвэр усныхаа нөөцийг хэмнэх хуулийг УИХ-ын гишүүд олонхоороо гараа өргөөд батлахад л болчихно. Мэдлэг, сэтгэл, ажил хэрэгч хариуцлагатай байдал үнэхээр ус агаар шиг дутагдаж байна даа гэв.

Та бүхэн энд саарал ус гэж хэлэхийг анзаарав уу? Саарал ус гэж юуг хэлээд байна? 

Товчоор хэлбэл, хэрэглэсэн, бохир усаа шүүж, цэвэршүүлэн "боловсруулаад" дахин ашиглахыг хэлдэг байна. Тодруулж хэлбэл, угаалтуур, угаалгын машин, ванн, шүршүүр болон галт тогооны тосгуур, цоргоос урсан гарч буй, найрлагадаа ялгадас, шээс агуулаагүй, хаягдал усыг дахин боловсруулж, саарал ус гарган авдаг байна. Гар угаасан, шүршүүрт орсон, угаалгын машины усыг саарал ус гэж хэлнэ, харин “хар ус” гэдэгт гал тогооны угаалтуурын ус, жорлонгийн суултуурын усыг оруулдаг байна. 

Ялангуяа хүмүүс усанд орсны дараа усаа дахин боловсруулж, суултуур, автомашины угаалгын газар, ногоон байгууламжид усалгааны зориулалтаар ашиглах боломжтой аж. Энэ нь ундны усны нөөц хангалтгүй манайх шиг оронд бол чухал ач холбогдолтой үйл явц юм. 


Зураг дээр: Нийслэлийн яармагт байрладаг "Тоёота Мөнххада" компанийн автомашины угаалгын газар. Энд машин угаасан усаа зураг дээр харагдах шүүлтээр шүүж, хоолойгоор дамжуулан цэвэршүүлэх аппаратаар цэвэршүүлэн дахин ашиглаж байна. 



Энэ талаар дахиад л нийслэлийнхээр жишээ татья. Нийслэлд орон сууц болон гэр хороололд оршин сууж буй иргэдийн усны хэрэглээ өдөр шөнө шиг ялгаатай байдаг. Тухайлбал, гэр хорооллын нэг иргэн хоногт 6-8 литр ус хэрэглэдэг бол орон сууцанд хоногт 250 литр ус урсгадаг байна. Жишээ нь, шүдээ цоргоны усаа хаалгүйгээр угаахад 6 литр ус зарцуулдаг аж. Энэ тооцоогоор сард 350 литр цэвэр усыг зөвхөн шүдээ угаахад хэрэглэж байна. 

Тэгвэл ийм хэмжээний усыг буцаагаад ашиглах боломж байгааг эрдэмтэд хэлж байна. Орон сууцны барилгын нэгдүгээр давхарт бага хэмжээний цэвэрлэх байгууламж суурилуулаад, зөвхөн ванн, душ, угаалтуур, гал тогооны өрөөнөөс гарч буй бохир усыг цэвэршүүлээд суултууртаа дахин ашиглах боломжтой аж. Ингэж ашиглаж чадвал жилд 10 сая шоо метр ус хэмнэх тооцоо гарчээ. Энэ нь 4-5 аймгийн нэг хоногийн усны хэрэглээ аж. Мөн жилд 4.8 тэрбум төгрөг хэмнэх бололцоо байгааг доктор Д.Басандорж хэлж байна. 



Үерийн усны "замыг" эхлээд тогтооё


Дахин боловсруулсан усыг ашиглах нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байхаас гадна манайх шиг гүний усны нөөц багатай орны хувьд ач холбогдолтойг техникийн ухааны доктор, судлаач С.Батмөнх мөн өгүүлж байна. Тэрээр саарал усыг ашиглана гэдэг усны нөөцийг нэмэгдүүлэхээс гадна эх үүсвэрийг өргөжүүлж буй маш том бодлогын үйл ажиллагаа юм. Түүнээс гадна жил бүр их хэмжээгээр орж буй үер, усны хур тунадасыг хуримтлуулж цуглуулах хэрэгтэй байна гэв. 

"Яаж хуримтлуулж цуглуулах вэ?" гэсэн асуултад тэрээр, "Үерийн усны "замыг" шинжлэх ухааны үндэстэй тогтоох ажлыг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй байна. Энэ талаар манай улсад судалгааны ажил бага хийгдэж байна. Судалгааны ажил хийхгүй байгаагаас бид нэгд, хөрөнгө мөнгөө алдаж байна.  

Хоёрдугаарт, байгалийн усны асар их нөөцийг үр ашиггүй урсган өнгөрөөж байна. Тиймээс олон жилийн дүн шинжилгээ хийгээд, хэдэн мм-ийн бороо ороход үерийн аюултай түвшин бүхий байдал бий болж буйг судалгаа шинжилгээгээр тогтоогоод, үүнийхээ үндсэн дээр 90 мм-ийн ч юм уу хур тунадас орсон тохиолдолд тэрэнд нь тохирсон хаалт, хамгаалалт буюу далан сувгийг барьж байгуулан ус хуримтлуулна" гэдгийг онцлов. 


"Хуримтлуулсан усаа юунд, яаж ашиглах вэ?" гэхэд тэрээр, "Хуримтлуулсан усаа сувгаар дамжуулан газар тариалан болон бэлчээрээ усжуулахад ашиглаж болно. Энд, ялангуяа Хөвсгөлийн өндөр уулсын болон Хэнтий болон Алтайн уулсын усыг хуримтлуулан ашиглах боломжтой. Хэрэв үүнийг хийхгүй, жил бүрийн бороо, үерийг цаг зуурын гээд яваад байх юм бол манай улс усны нөөцөөр дутагдана" гэдгийг судлаач маань хэлж байна. 


Хаягдал усыг цэвэрлэн эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр төлбөрөөс чөлөөлнө.


 

Манайд саарал усыг дахин ашиглах талаар олон жил ярьж ирсэн. Энэ ажлыг юунаас эхэлж хийх вэ" гэсэн асуултад доктор С.Батмөнх, "Саарал ус гаргах, дахин боловсруулж ашиглах талын эрхзүйг гаргая, ингэхдээ энэ нь маш тодорхой байх ёстой. Яах вэ, манайд Усны тухай болон хог хаягдлын тухай хуулиуд дотор саарал усны талаар (бохирдуулагч нь төлбөрөө төлж, түүнийг байгаль орчноо хамгаалахад эргээд зарцуулна) зохицуулалтын заалтууд орсон байгаа. Энд нэмж, хөрөнгө оруулалтын талаар мөн тодорхой тусгаж, энэ талын асуудлыг шийдэхгүйгээр саарал усыг ашиглах талаар ярилтгүй. Манайд энэ чиглэлийн ажил дорвитой явахгүй байна. Тиймээс эхлээд бид саарал усныхаа буюу усаа цэвэршүүлж дахин ашиглахын ач холбогдол, үр дүнг ойлгох ёстой" гэсэн юм.  



Бидэнд хэрэгтэй гадаадын жишээнүүд


Саарал усны ашиглалт дэлхийн олон оронд өндөр түвшинд хүрчээ. Германд аль 1990-ээд оны үед саарал ус ашигладаг тусгай хотхон байгуулсан. Яаж байгуулсан гэхээр эхлээд энэ талын бодлогын үйл ажиллагааг хуульдаа тусгаад, Засгийн газар нь бизнес эрхлэгч компаниудыг дэмжиж, улмаар хувийн хэвшил нь санал санаачилга гарган хөрөнгө оруулаад хэрэгжүүлсэн байна. 

Тэр хотынхон хэрэглэсэн усаа цэвэршүүлээд зүлэг ногоо цэцэрлэг, зам талбайгаа усалж, томоохон үйлдвэрүүдийг усаар ханган ашиглаж байна. Энэ бол томоохон бодлогын үйл ажиллагааны үр дүнгийн нэг жишээ. 

Израил, Испани зэрэг оронд саарал усыг 80-95 хувь хүртэл ашигладаг. Израилд саарал усыг цэвэршүүлж аюулгүй болгоод ХАА-д бордоо, усалгаатай газар тариаланд ашиглаж байна. Ингэснээр хүнсний ногоо, нарийн ногооны ургац хураалт 5 дахин өсжээ.

Австралийн Фёрт хот 1.5 сая оршин суугчтай, өдөрт 335 сая литр бохир ус гаргадаг бол үүнийхээ 99.97 хувийг саарал ус болгон дахин ашигладаг. Цэвэр усаа гол төлөв зүлэг ногоо услах, автомашин угаах, ариун цэврийн байгууламжид буюу бидний хэлдгээр жорлондоо хэрэглэдэг байна. 

Энд усны зах зээлээ өргөжүүлэх юм бол усны нөөцөө хамгаалах нэг арга зам харагдаж байна. Тэгвэл манай урд хөрш БНХАУ-ын Засгийн газар 2017 онд тусгайлсан тогтоол гаргаж, усыг цуглуулж хуримтлуулан газар тариаланд ашиглаж буй хувь хүн, ААН-ийг урамшуулж буй туршлагыг манай улс авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна. 


Байгаль орчинд ээлтэй, ногоон чиглэлээр ажиллаж, саарал усыг хэрэглэж  чадвал ус хэрэглэсний төлбөр болон татварын хөнгөлөлт эдлэх, цаашлаад донор хандивлагч орнуудаас нэн хөнгөлөлттэй зээл, тусламж авах зэрэг олон боломж аль улсад байна. Монголчууд бид цэвэр ус, байгаль орчноо хайрлан хамгаалахгүй бол маргааш ч бид усгүй болж мэднэ. Гэхдээ ийм байдалд хүрэхгүйгээр усаа хэмнэж, зөв зохистой хэрэглэвэл бидний оролцооноос хамаарах боломж бас байгааг эрдэмтэн мэргэжилтнүүд хэлж байна. 


Холбоотой мэдээ