Хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй иргэнийг ажилд зуучилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-14 19:03:39

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймаг өнгөрсөн жилүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, энэ хүрээнд 100 гаруй иргэнийг ажлын байраар хангасан гэж ХХҮГ-аас мэдээлэв.

Тус аймгийн хэмжээнд 4000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Сүүлийн жилүүдэд тэдний нийгмийн харилцааг хангах чиглэлээр гойд анхаарч ажиллаж байгаа юм. Тухайлбал, Хүний хөгжлийн ордонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 7 ТББ үйл ажиллагаагаа явуулж, 11-р цэцэрлэг, 1-р сургууль танхимын болон гэрийн сургалтыг нэвтрүүлж, 1-р сургуульд шинэ анги нээж, 18 хүүхдийг нэмж хамруулсан байна. Түүнчлэн Ерөнхий боловсролын долоон сургууль ариун цэврийн өрөө, орох, гарах гарцаа ХБ-тэй сурагчдад зориулан тохижуулж, ном сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр бүрэн хангасан нь идэвх оролцоог сайжруулж байгааг багш нар ярьж байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах цэгийг Шүр зах, Ехро худалдааны төвд нээгээд амжсан бол 340 хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг эрт үед нь оношилж, эмчилгээнд хамруулж эхэлсэн байна.

Харин ирэх жилүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийг аймагтаа байгуулахаар болж, бэлтгэл ажлын бүрэн хангаад байгаа аж. Энэхүү төвийг байгуулснаар сэргээн засах эмчилгээг аймагтаа хийлгэж, протез үйлдвэрлэл ажиллуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Холбоотой мэдээ