Завханы зургаан сумын долоон хэсэгт нэмэлт санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-16 19:24:25

Завхан/МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нийт 47039 сонгогч санал өгөхөөс 33964 сонгогч санал өгчээ. Сонгуулийн ирц 72.2 хувьтай гэсэн урьдчилсан дүн гарлаа гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийт 41 мандатын төлөө 91 хүн нэр дэвшжээ. Аймгийн 24 суманд нийт 452 мандатын төлөө 930 хүн өрсөлдсөн байна. Урьдчилсан дүнгээр 24 сумын 21 суманд Монгол Ардын нам, нэг суманд бие даагч, 19 суманд Ардчилсан намаас нэр дэвшигч тус тус мандат авсан байна. Одоогийн байдлаар зарим нэр дэвшигчийн санал тэнцсэнээс зургаан сумын долоон хэсэгт нэмэлт санал хураалт явуулахаар болсон.

Аймгийн хэмжээнд 24 сумын 115 хэсгийн 50 хувьд нь хяналтын тооллого явууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны үеэр маргаан, зөрчил, асуудал гараагүй. 24 сумын хэсгийн хорооноос мэдээллүүдээ нэгтгэх ажлыг хийж байна. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын санал хураалт болон албан ёсны дүн эцэслэн гараагүй гэж аймгийн Сонгуулийн хорооноос мэдээлэв. 

Холбоотой мэдээ