Х.Бахыт: Баян-Өлгий аймаг төмсний хэрэгцээний 89 хувийг дотооддоо хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-23 20:42:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт намрын ургац хураалтын ажил дуусаад байна. Үүнтэй холбогдуулан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Х.Бахыттай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.


- 2020 онд Баян-Өлгий аймгийн тариаланчид хэчнээн хэмжээний ургац хураан авсан бэ?

- 2020 онд аймгийн хэмжээнд 300 га-д төмс, 156 га-д хүнсний ногоо, 700 га-д малын тэжээл, 84 га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 1240 га газарт тариалалт хийхээр төлөвлөсөн. Гэхдээ төлөвлөгөөгөө давуулж 1248 га газарт тарьсан. Намрын ургац хураалтын мэдээгээр манай аймгийн тариаланчид 3780 тонн төмс, 1632 тонн хүнсний ногоо, 1471 тонн малын тэжээл, 105 тонн жимс, жимсгэнэ хураан аваад байна. Нийтдээ 6981 тонн ургац хураасан бөгөөд энэ нь 2019 онтой харьцуулахад 6 хувь буюу 432 тонноор өссөн үзүүлэлт юм.

- Хураан авсан ургацаараа аймгийн дотоод хэрэгцээний хэдэн хувийг хангахаар байна?

- Энэ оны төлөв байдлаар Баян-Өлгий аймаг төмсний хэрэгцээний 89 хувийг дотооддоо хангана. Харин  хүнсний ногооны 18 хувь, жимс, жимсгэний 1,5 хувийг хангах тооцоо гараад байна.

- 2020 онд цаг агаар тариачдад хэр таатай байсан бэ?

- Цаг агаар газар тариаланд маш таатай байлаа. Тариалалт хугацаандаа эхэлсэн. Зуны 7, 8 дугаар сард хөрсөнд 10-15 см байнга чийгтэй байсан учраас ургацын гаралтад маш сайнаар нөлөөлөв.

- Өнгөрсөн хавар Ковид-19 цар тахлын улмаас улсын хил хаалттай байсан. Үрийн хангалтыг хэрхэн зохион байгуулсан бэ?

- Орос, Хятад улсаас орж ирэх үр гацсан учраас нарийн ногооны үрийн хангалт дутмаг байв. Гэхдээ ХХААХҮЯ-наас өгсөн үүргийн дагуу тариаланчдыг үрээр хангах ажлыг зохион байгуулсан. Үрийн асуудлыг өөрсдийн нөөц бололцоогоороо шийдсэн тариачид ч байгаа.

- Ургац алдсан тохиолдол байна уу?

- Ногооннуур суманд уснытүвшин өндөр байсны улмаас малын тэжээлийн гарц муу байлаа. Мөн Алтанцөгц суманд зэрлэг гахайн сүрэг олширч, 2-3 га газрын төмсийг ухсан асуудал бий. Тариачид харуулын байр барих, гахайг үргээх зэрэг шуурхай арга хэмжээ авсны дүнд нэг их хохирол учраагүй.  

Холбоотой мэдээ