Тархинд чип суулгах нь бодол санааг хулгайлах аюултай!

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-10-25 21:13:54

Толгойд нь чип суулгасан гахайг Илон Маск дэлхий даяар харуулсан бол түүний хийх дараагийн алхам нь хүний тархийг чипжүүлэх зорилготой гэнэ. Хүний тархинд чип суулгах нь саажилт, ой санамж алдагдах зэрэг мэдрэлийн өвчнөөр шаналж буй хүмүүст аврал болно гэдгийг уг санааг сэдсэн эрдэмтэд хэлж байна. Гэхдээ ийм шинэлэг санаа сөрөг талтай байж магадгүй талаар Египетийн NoonPost сонинд нийтлэлч Тах ар-Рави бичихдээ “бидний бодол санааг хулгайчихвал яах вэ?” гэсэн асуултыг тавилаа.


1973 онд телевизорыг зайнаас удирдах төхөөрөмж бий болж байх тэр үед “үүнээс илүү зүйлийг зохион бүтээх боломжгүй” гэж олон хүн бодож байлаа. Гэтэл хэдхэн арван жилийн дараа хүмүүс бид дууны дохио, хэл яриагаараа телевизор болон бусад төхөөрөмжийг удирдаж чаддаг болж, дуут туслахууд бидний асуултанд хариулдаг болно гэдгийг өмнөх үеийнхэн маань хэрхэн төсөөлж мэдэх билээ дээ?


50 жилийн дараа гэхэд телевизийн суваг солих, өрөөнийхөө гэрэлтүүлгийг тохируулах зэргийг хүмүүс бодол санаагаараа удирдан хийдэг болно гэж 1973 онд хэн нэгэн хүн хэлсэн бол түүнийг солиотой галзуугаар нь дуудах байсан биз ээ. 

Энэ бүхнийг хийх боломжтой юу гэж олон хүн асуудаг. Тиймээ, Neuralink, Фейсбүүк зэрэг том компаниудын хийж буй туршилтуудыг харвал, эрдэмтэн судлаачид үүнийг бодит зүйл болгохоор ажиллаж байна. SpaceX ба Tesla компаниудыг эзэмшдэг Америкийн тэрбумтан Илон Маск хүний тархийг компьютертай холбосон гэдгийг зарлан мэдэгдэхэд тун ойрхон болжээ.


Төсөөлөл ба амбиц хоёрын дунд   


Хиймэл оюун ухаан бий болгох нь хүн төрөлхтөн оршин тогтноход учрах гол аюулуудын нэг мөн гэж И.Маск нэг бус удаа хэлж байсан. Ойрын хэдэн арван жилийн хугацаанд хүн төрөлхтөн хиймэл оюун ухаанаас асар ихээр хоцрогдох бөгөөд зүйрлэвээс, хүмүүс гэрийн тэжээвэр амьтадтай харьцдгийн адилаар хиймэл оюун ухаант машинууд хүмүүстэй яг тэгж харьцах болно гэдгийг тэрбээр анхааруулан сэрэмжлүүлж байна.


И.Маск 2016 онд мэдэгдэхдээ, тархинд суулгах чипний тусламжтайгаар хүнийг компьютертой холбох  санааг сэдсэнээ хэлж байсан юм. Үүний тулд тэрбээр Neuralink компанийг байгуулж, BRAIN COMPUTER INTERFACE  /товчоор BCI/ гэдэг төслийг хэрэгжүүлж эхэлжээ.   


Эхэндээ зарим хүмүүс энэ төслийг уран зөгнөлт зохиол гэж үзэж байв. Төслийн ажил ч үргэлжилсээр, төслийн шинэ шат эхлэх бүрт “зорилгодоо хүрэхдээ ганцхан алхам үлдлээ” гэж И.Маск твиттертээ жиргэж байлаа. 7 дугаар сард тэрбээр мэдэгдэхдээ, хүний тархийг компьютертой холбох анхны туршилт 8 дугаар сарын 28-ны өдөр эхэлнэ гэж нарийн тодорхой хэлж байв.

Гэтэл компанийн хэсэг ажилтнууд хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө, туршилтын явц бүтэл муутай байгаа гэдгийг хэлжээ. Учир нь, Маск ажилтнуудаа цаг хугацаагаар дэндүү их шахаж, тэдэнд хүчтэй дарамт шахалт үзүүлж байгаа аж. Ажил товлосон хугацаандаа дуусаагүй тул судлаачид ажлаасаа халагдахад хүрчээ. Нийтдээ 8 эрдэмтэн ажиллаж байснаас одоо ердөө хоёр нь л үлдсэн байна.    


ВСI хэрхэн ажилладаг вэ?


Хүний тархийг компьютертой холбох зориулалттай нейроинтерфэйс технологийн талаар бидний ихэнх нь огт мэдэхгүй. Энэ бол хэд хэдэн үе шатаас бүрдэх маш нарийн механизм юм. Үүнд:


1.Дохиог илрүүлэх. Энэ үе шатанд тархины цахилгаан идэвхжлийг хэмжих зориулалттай төхөөрөмжийг ашиглан тархин дотор тодорхой дохио бий эсэхийг илрүүлнэ. 

2.Дохиог боловсруулах. Дохиог элдэв чимээнээс ялгаж салгах хэрэгтэй. Тухайлбал, нүдний хөдөлгөөн, шүлсээ залгих зэрэг нь дохионд саад учруулдаг.

3.Дохиог хувиргах. Энэ үе шатанд дохиог тодорхой түвшинд хүртэл өсгөн чангаруулснаар тухайн төхөөрөмжийг ажиллуулах боломжтой болно.

4.Дохиог кодлох. Сүүлчийн энэ үе шатанд дохиог кодлож, түүнийг компьютерт ойлгомжтой байдлаар тоон хэлбэрт эсвэл импульс болгон хувиргана. 


Тархины мэс заслын түгээмэл аргуудыг ашиглан чипийг тархинд суулгана, гэхдээ уг операцийг тусгай робот гүйцэтгэнэ. Neuralink компанийн цахим хуудсан дахь мэдээллийг үзвэл “Бид минутанд 192 ширхэг электродыг тархин дотор суулгаж чадах мэдрэлийн мэс заслын роботыг зохион бүтээж чадлаа. Судаснууд болон тархины бүсүүдийг гэмтээхгүйн тулд электрод тус бүрийг маш өндөр нарийвчлалтайгаар тархин дотор суулгана” гэжээ.     


ВСI технологийг хэрэглэх хүрээ


Энэ салбарт цаашдаа шинэ технологиудыг өргөнөөр хэрэглэх нь ойлгомжтой, гэхдээ одоо ашиглаж буй технологиуд ч гэсэн ирээдүйд судалгааг үр дүнтэй явуулж чадна гэсэн итгэл найдварыг төрүүлж байна.


BCI технологийг хэрэглэж болох нэгэн салбарыг дурдая. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, түүнийг таслан зогсоохын тулд уг технологийг автомашинд суурилуулж болох юм. Дэлхий даяар нас баралтын гол шалтгаануудын нэг болж буй авто техникийн аваар ослыг бууруулахад нейроинтерфэйс технологи эрс эргэлт гаргах болно. Саяхан Ниссан компанийн мэдээлэлд дурдсанаар, нейроинтерфэйсийн технологи ашиглан автомашины хурд хасах, хүнээс хамаагүй илүү хурднаар жолоог залах зэрэг чиглэлд тус компани судалгаа явуулж байгаа ажээ.


Үүний сацуу Фэйсбүүк компани хүний бодол санааг өгүүлбэр болгон хувиргах технологийг боловсруулсан бөгөөд уг программ нь хүмүүсийн бодол санааг уншиж, минутанд 100 үг бичиж чаддаг гэнэ. Түүнчлэн нүдний хараа муудсаныг сэргээхэд нейроинтерфэйс технологийг ашиглах талаар судалгаа хийж байна. Тодруулж хэлбэл, хүний тархины саарал бодисонд электродуудыг суулгаснаар жижигхэн линзээр дамжин ирсэн дохиог тархи боловсруулж чадахуйц дүрс болгон хувиргах ажээ.


Түүнээс гадна, хиймэл эрхтэн үйлдвэрлэхэд шинэ технологийг ашиглах боломжтой хэмээн И.Маск үзэж байна. Тодруулбал, саажилттай хүмүүсийн хөдөлгөөнийг сэргээх, бодол санааныхаа тусламжтайгаар алхаж гишгэх, гар хөлөө хөдөлгөхөд нь тэдэнд тусалж чадах төхөөрөмжүүдийг зохион бүтээхэд ашиглаж болох юм. Нөгөөтэйгүүр, BCI-гийн тусламжтайгаар унаж татах өвчтэй хүмүүсийн тархины тодорхой хэсгийг цахилгаан импульсээр цочроох боломжтой.   


Нейроинтерфэйсийг хакердах аюул


Дохио нь хүний бие болон хиймэл эрхтэнд хүрэхээс өмнө хиймэл оюун ухааны систем нь электроэнцефалограмм-ын /ЭЭГ/ тусламжтайгаар тархины цахилгаан идэвхжлийн үзүүлэлтүүдийг боловсруулан хэмжинэ. Харин эдгээр мэдээллийг хууль бусаар ашиглаж, ташаа үзүүлэлтүүдийг гаргаж ирдэг алгоритмуудыг зохиож болзошгүй гэсэн болгоомжлол эрдэмтдэд төржээ. Тухайлбал, зарим дохиог буруу тайлж уншсанаар алдаатай үзүүлэлтүүд гарч ирж магадгүй. 


Өгөгдлүүдийн нууцлал, кибер аюулгүй байдлын тухайд гэвэл, ЭЭГ-ын төхөөрөмжүүд нь өвчтөний сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн хариу үйлдлүүдийг тодорхой маркеруудын тусламжтайгаар хянах боломжтой. Эдгээр маркер нь бэлгийн чадавхи, улс төрийн чиг баримжаа, хувийн харилцаа зэрэг өвчтөний эмзэг мэдээллүүдийг авах боломжийг ЭЭГ-ийн операторт олгоно. Өөрөөр хэлбэл, өвчтөн юуг илүүд эрхэмлэн үздэг вэ гэдгийг оператор тодорхойлох боломжтой болно гэсэн үг.    


Харин өвчтөнүүдийн хувьд, өөрсдийнх нь хувийн мэдээллийг зарим компанийн зохиосон алгоритмууд урвуулан ашиглаж буйг мэдэхгүй өнгөрөх талтай. Эдгээр компани нь үйлчлүүлэгчдийн /өвчтөнүүдийн/ зөвшөөрөлгүйгээр тэдний хувийн мэдээллийг цуглуулах төдийгүй гуравдагч этгээдүүдэд худалдаж ч магадгүй. 


Бидний оюун санаа хэр зэрэг эмзэг вэ?


Чипэнд нууцаар нэвтрэх магадлал байгаа учраас гэмт хэрэгтнүүд хүмүүсийн шинэ санаа, дурсамж бодлуудыг хулгайлж болзошгүй гэж зарим шинжээч сэрэмжлүүлж байна. Кибер гэмт хэрэгтнүүд тархи болон нейроинтерфэйс технологид нэвтэрснээр хүмүүсийн дадал чадварыг арилган үгүй хийж, оюун санаа, дурсамж бодолд нь нэвтрэх аюултай.


Нейроинтерфэйс технологийг илүү аюулгүй болгохын тулд гадны ямар ч этгээд технологийн функцийг өөрчлөх боломжгүй гэдгийг баталгаатай болгох ёстой. Үүний тулд ухаалаг гар утсан дахь вирусийн эсрэг программ гэх мэт аюулгүй байдлын протоколуудыг ашиглана гэсэн үг.


Хакерууд чипийг ашиглан улстөрчид болон цэргийнхний бодол санаанд нэвтэрч болзошгүй. Ийм байдлаар мэдээллийг хулгайлах нь бидний мэдэх “хакер ажиллагаа”-наас огт өөр.  Тухайлбал, ВСI-гаас тархинд дамжуулж буй мэдээллүүдийг хакерууд замаас нь барьж аваад хүмүүсийн цахим шуудан болон бусад системд нэвтрэн хувийн нууц мэдээллүүдийг нь цуглуулах магадлалтай.


Гэхдээ одоо ашиглаж буй кибер халдлагын механизмыг хязгаарлаж буй хоёр гол хүчин зүйл бий. Нэгдүгээрт, халдлагыг үйлдэх загварчлалыг бий болгохын тулд ЭЭГ-ын хэд хэдэн тодорхой загвар хэрэгтэй. Хоёрдугаарт, халдлагаа илүү үр дүнтэй болгохын тулд гэмт хэрэгтнүүд цахилгаан энцефалограммын бичлэгийг хийж эхлэх цагийг маш нарийвчлалтайгаар мэдсэн байх ёстой. Энэ хоёр боломжийг хакерууд олж авсан тохиолдолд тэд сэдсэнээ гүйцэлдүүлэх аюултай.


Хүмүүсийн хувийн мэдээллүүдийг бусдад худалддаг гэмт хэрэгтнүүд энэ бүхнийг ашиглах аюул бий. Түүнээс гадна, иймэрхүү цоорхойнуудыг ашиглан гэмт хэрэгтнүүд тухайн системд амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх командуудыг өгч магадгүй юм. Учир нь, тэд хамгаалалтын системээс бултахын тулд зүсэн зүйлийн шинэ аргуудыг сэдэх болно. Ийм учраас системийн сул талуудыг олж илрүүлэн, аюулгүй байдлыг хангах шинэ механизмуудыг бий болгох нь эрдэмтдийн хувьд чухал зорилт юм.


Б.Адъяахүү


Эх сурвалж: https://inosmi.ru/science/20201004/248214479.html

 

 

Холбоотой мэдээ