Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын анхны суман шилжүүлгийг угсарлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-26 12:51:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хамгийн анхны суман шилжүүлгийг энэ сарын 24-нд тус чиглэлийн Зөрлөг-2 буюу төмөр замын 65 дахь км-т угсарч дууслаа. 

Тодруулбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хэмжээнд 2 өртөө, 6 зөрлөг дээр нийт 77 суман шилжүүлэг угсрах юм. Үүнээс хамгийн анхныхыг угсрав. Суман шилжүүлэг нь галт тэргийг нэг замаас нөгөө зам руу шилжүүлэх зориулалттай байгууламж юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, 1-р зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, 16 гүүр, 126 хоолой, малын 8 гарцтайгаар тавигдах юм. Төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам”, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь Интернэшнл” ХХК ажиллаж одоогоор төсөлд 383 инженер техникийн ажилтан, 1368 орчим ажилтан, 771 гаруй машин механизм ажиллаж байна. 


Эхний 208 км төмөр замын газар шорооны ажил бүрэн дуусаж, эвдрэл гэмтлийн ажил 99.5 хувь засагдаж, хоолойн ажил 97 хувь /дугуй хоолойн ажил-99.91 хувь, дөрвөлжин хоолойн ажил- 94.97 хувьтай/, мал амьтны гарц 96.5 хувь, гүүрийн ажил 53.5 хувь, нийтдээ 208 км-ийн доод бүтцийн ажил 98.2 хувьтай явж байгаа бол дээд бүтцийн ажил 63.6 хувь буюу гол замын үеийг 130 км-ээр угсраад байна. Харин ачилтын тойргын ажил 9 дүгээр сард эхэлж одоогоор газар шорооны ажил  29.2 хувьтай явж байна.


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог юм. Зам төмрийг уулзваргүй болгож гагнах ажлыг цахилгаан кантактын аргаар суурин болон зөөврөөр тус тус хийж гүйцэтгэж  байна. Суурин гагнуур нь 25 метр урттай зам төмрийг 200 метр урттай гулдмай болгон гагнаж байгаа бол хоорондын замд гагнаж буй машин нь угсарсан зам дээр 25 метр урттай зам төмрийг газар дээр нь гагнаж одоогоор 35 км замыг уулзваргүй болгоод байна.


Холбоотой мэдээ