Албан бус салбар дахь хөдөлмөр эрхлэлт тогтворгүй, баталгаагүй байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-10-26 13:49:23

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд албан бус хөдөлмөр эрхлэлтийн салбарт судалгаа хийж, ажлын байрны тогтворгүй, хамгаалалтгүй, баталгаагүй байдал нь ядуурлаас гарах нөхцөлийг бүрдүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлт хийжээ. Учир нь албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэд тухайн чиглэлээрээ 4-18 жилийн туршлагатай ч тэдний сарын дундаж орлого 800 мянган төгрөгөөс хэтрэхгүй байгаа нь улсын дунджаас 500-гаад мянгаар бага дүн юм. Түүнчлэн Дорнод аймагт албан бус хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 60 хувь нь зүүн бүсийн амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой амьдарч байна. Энэ нь ажилтай ядуусыг бий болгох үр дагавартай гэдгийг хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтэн хэлж байлаа.

Дэлхийн банк болон орон нутгийн дэмжлэгээр хймгийн ХХҮГ, МУИС-ийн Социологийн тэнхимтэй хамртран орон нутагт анх удаа ийнхүү судалгаа явуулжээ. Судалгаанд аймгийн хэмжээний 1288 өрх буюу нийт хүн амын 6.4 хувийг хамруулсан бол 10.9 хувь нь ажил олгогч, 19 хувь нь хөлсөөр ажиллагч, 69.3 хувь нь бусад төрлийн ажил эрхлэгч, хүйсийн хувьд 35.2 хувь нь эрэгтэй, 64 хувь нь эмэгтэй байжээ. Энэхүү судалгааг хийснээрээ Дорнод аймгийн албан бус хөдөлмөрийн зах зээл дээрх өнөөгийн нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ хийж, ирээдүйд шинжлэх ухааны суурь судалгаанд үндэслэн төлөвлөлт хийхэд чухал нөлөөтэй гэж үзэж байгаа гэв. 

Холбоотой мэдээ