Армени, Азербайжан гал зогсоох тохиролцоог дахин зөрчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-26 16:04:04

ЕРЕВАН. /RIA Novosti/.  Уулын Карабахад гал зогсоох тохиролцоог дагаж мөрдөөгүй гэж Армени, Азербайжаны эрх баригчид харилцан бие биенээ буруутгасан байна.


“Хүмүүнлэгийн үүднээс гал зогсоох тохиролцоог Азербайжаны тал 08 цаг 45 минутад бүдүүлгээр зөрчиж, Карабах дахь тусгаарлах шугамын зүүн хойд чиглэлд манай армийн байрлалууд руу их буугаар гал нээсэн” гэж Арменийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шушан Степанян “Facebook” хуудсандаа бичжээ.


Үүнээс өмнө Азербайжаны эрх баригчид Арменийг шинэ тохиролцоог хэрэгжиж эхэлснээс нь хойш хэдхэн минутийн дараа зөрчсөн гэж буруутгасан байна. Арменийн цэргүүд Лачин хот руу довтолж байна гэж Азербайжаны Батлан хамгаалах яам мэдээлсэн бол Карабахын зүүн өмнөд нутагт азербайжанчууд довтолж байгаа талаар Армений тал мэдэгджээ.


Армени, Азербайжан АНУ-ын зуучлалтайгаар Уулын Карабахад гал зогсоох тохиролцоонд дахин хүрсэн юм. АНУ, Армени, Азербайжаны өнгөрсөн ням гарагт гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, “хүмүүнлэгийн түр эвлэрэл” даваа гаргийн өглөөний 08:00 цагаас эхэлсэн байна.


Армени, Азербайжан энэ сарын эхээр хоёр ч удаа гал зогсоохоор тохиролцсон боловч мөргөлдөөн үргэлжилсэн хэвээр байгаа юм.


Уулын Карабахын мөргөлдөөнд Турк улс Азербайжанд идэвхтэй дэмжлэг үзүүлж байгаа нь байдлыг улам төвөгтэй болгож байна. Харин Армени улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн улс юм. Дэлхийн хамтын нийгэмлэг талуудад хүлээцтэй байхыг уриалсаар байна.


Холбоотой мэдээ