БНКУ-ын Ерөнхий сайд Аскар Маминыг ирэх онд Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-10-26 17:09:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевыг хүлээн авч уулзав.


Уулзалтын эхэнд Элчин сайд Жалгас Адилбаев дэлхий нийтэд тархаж байгаа цар тахлын үед Монгол Улсын хэрэгжүүлж байгаа бодлогыг өндрөөр үнэлж байгаагаа дурдаад хоёр улс худалдаа, эдийн засаг, түүх соёл, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломж бий гэлээ. Тэрбээр, “Монгол, Казахстан улс ердөө 50 км нутгаар хязгаарлагддагаас гадна Монголд амьдардаг 120 мянга гаруй казах үндэстэн хоёр улсыг холбодог гүүр юм. Мөн байгаль цаг агаар, нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлал, түүхийн ижил төстэй зүйлүүд хоёр ард түмнийг холбож байна. Цаашид эдийн засаг, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглах хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан улсад айлчлахад олон гэрээ, хэлэлцээр байгуулсны нэг нь “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төсөл юм. Мөн үеэр харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд олон ажил төлөвлөгдсөн боловч цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн хойшлоод байна. Нөхцөл байдал тогтворжсоны дараа эрчимтэй хэрэгжүүлнэ” гэлээ.


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан 1992 онд хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын хүрээнд байгуулсан гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажил Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан болохыг тэмдэглээд парламентын бүлэг дэмжихээ илэрхийллээ. Мөн БНКУ-ын Ерөнхий сайд Аскар Маминыг ирэх онд тохиох Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойгоор Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов. 


Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн гишүүн Г.Амартүвшин, Б.Бейсен, Ш.Раднаасэд нар оролцлоо.

Холбоотой мэдээ