Даам сонирхогчид улсын аваргуудаа Өмнөдэлгэрт шалгарууллаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2020-10-27 12:12:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд боллоо.


Гурав дахь жилдээ болсон тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Өмнөдэлгэр сумын ИТХ, ЗДТГ, Ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгуулсан юм. Тэмцээнд 11 аймаг, нийслэлийн 5 дүүргийн эрэгтэй 115, эмэгтэй 58 даамчин ур ухаанаа сорьсон бөгөөд оролцогчдыг цол зэргээр нь ангилбал дэд мастер цолтон 60, I зэрэгтэй тамирчин 26, II зэрэгтэй тамирчин 14, III зэрэгтэй тамирчин 9, зэрэггүй тамирчин 66 байв.



Швейцар системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эмэгтэй ангилалд спортын I зэргийн тамирчин А.Анужин (Хэнтий, Өмнөдэлгэр) 15 оноогоор түрүүлж, дэд мастер М.Нарантуяа (Өмнөговь, “Ирээдүй” клуб), Л.Надмид (Дорноговь) нар 14 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шагналт IV-V байранд дэд мастер Ц.Цацрал, У.Номин-Эрдэнэ (хоёул “Ирээдүй” клуб) нар шалгарсан байна.


Эрэгтэй ангилалд эхний гурван байрыг Дорноговь аймгийн тамирчид болох дэд мастер С.Баярдагва, I зэргийн тамирчин Б.Отгонбаяр, дэд мастер О.Хаш-Эрдэнэ нар эзэлсэн. Шагналт IV-V байранд I зэргийн тамирчин Б.Анхбат (Архангай), дэд мастер Ч.Дашпунцаг (Баянхонгор) нар шалгарчээ.



Энэ тэмцээнээс 4 тамирчин спортын мастер, 8 тамирчин дэд мастер цолны болзлыг биелүүлж, 20 тамирчин шинээр спортын зэрэг авах буюу зэргээ ахиулсан байна. Тэмцээнийг нээх үеэр орон нутагтаа даамын спортыг хөгжүүлэх үйлсэд гаргасан хүчин зүтгэлийг нь үнэлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын дасгалжуулагч Ж.Сугаррагчааг “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнажээ.


Мөн тэмцээнд оролцсон харааны бэрхшээлтэй иргэдээс хамгийн залуу оролцогчдодоо гарын бэлгээ гардуулсан юм.   

Холбоотой мэдээ