Буриадад зургаан өдөр дараалан халдварын 200 гаруй шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-27 14:27:10

УЛААН-ҮД. /baikal daily/. ОХУ-ын Буриад улсад зургаа дахь өдрөө дараалан халдварын 200 гаруй шинэ тохиолдол илэрлээ гэж бүс нутгийн коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.


Мягмар гаргийн өглөөний байдлаар Буриадад коронавирусээр халдварласан нийт  хүний тоо 10679-т хүрсэн байна. Халдварын тохиолдлын 66 хувь нь буюу 7056 нь Улаан-Үд хотод бүртгэгджээ.


Өнгөрсөн хоногт 212 шинэ тохиолдол илэрсэн байна. Шинэ тохиолдлуудын 200 нь Улаан-Үдэд бүртгэгджээ. Буриадад өдөрт илэрсэн шинэ тохиолдлын тоо 10 дугаар сарын 22-ноос эхлэн 200 давсан байна. 


Цар тахал дэгдсэнээс хойш 7425 хүн эдгэрч, нас барсан тохиолдлын тоо 141-д хүрчээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 99 хүн эмнэлгээс гарсан бол долоон хүн нас барсан байна. Одоогийн байдлаар Буриадын эмнэлгүүдэд 1787 өвчтөн эмчлүүлж байна.  Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 32 нь хүүхдүүд бөгөөд тэдний биеийн байдал сайн байгаа аж. Эрчимт эмчилгээний тасагт 62 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 34 –т нь амьсгалын аппарат залгажээ.



Холбоотой мэдээ