Илейн Конкиевич: Төрийн албаны халаа сэлгээ нь Монгол Улс тогтвортой байдлаасаа ухрах нөхцөл байдал үүсгэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-10-27 16:42:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевичтой өнөөдөр уулзлаа.


Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр 2018 оноос "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн явцын талаар хэлэлцлээ.


Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин Төлөөлөгч Илейн Конкиевич шат шатны сонгуулийн дараах төрийн албаны халаа сэлгээ нь Монгол Улс тогтвортой байдлаасаа ухрах нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй тул үүнд онцгой анхаарах ёстой гэлээ. "COVID-19" цар тахал, онцгой дэглэмийн үед мөн халаа сэлгээ хийх нь Төрийн албыг улам бүр сулруулах, цаашлаад иргэдэд ч буруу ойлголтыг өгөх учир Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд хүчин чармайлт гарган ажиллах ёстой хэмээгээд УИХ, Төрийн албаны зөвлөлтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, "Шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуульд нь улс төрөөс хараат бус тогтвортой байх, мерит зарчимд суурилсан байх зэргийг тусгасан. Хуулийн хэрэгжилтэд тодорхой хүндрэлүүд гарч байгаа нь үнэн. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо анхааралдаа авч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д хяналтын түр хороо байгуулах эрхтэй болсон" гэлээ.


Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд  дэлхийн банкнаас санал болгоод буй сайн засаглалын хэмжүүр, шалгуурыг барьж, засаглалын өрсөлдөх чадварыг сайжруулахад анхаарна гэв.

Холбоотой мэдээ