Кюүшюү башёг хоёр Их аварга тэргүүлнэ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-28 15:04:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёгийн банцүкэг мягмар гарагт олон нийтэд танилцуулснаар 11 дүгээр сарын 8-нд эхлэх уг башёд Монголын 20 сумоч зургаан зиндаанд барилдана.


Энэ удаагийн Кюүшюү башёгийн Макүүчи зиндааг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нар тэргүүлэх бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Комүсүби цолтой анх удаа барилдах юм. Мөн Кирибияама Б.Лхагвасүрэн маэгаширагийн нэгдүгээрт, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн зургадугаарт, Хошорюү С.Бямбасүрэн болон Ичиножёо А.Ичинноров нар маэгаширагийн 13-т, Чиёошома Мөнхсайхан маэгаширагийн 16-д тус тус эрэмбэлэгджээ.


Жүрёо зиндаанд Азүмарюү С.Тодбилэг жүрёогийн долдугаарт, Кёокүшүхо Т.Эрдэнэбаатар жүрёогийн аравдугаарт, Миторюү Б.Төрболд жүрёогийн арваннэгдүгээрт нар тус тус жагссан байна.


Макүшита зиндаанд Дайшохо Шижирбаяр Макүшитагийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бол Сакигакэ Баттүшиг долдугаарт, Тамашохо Энхманлай 10 дугаарт, Хокүтэнкай Сүхбат 15-д, Ёошояама Анхбаяр 45-д тус тус бичигджээ.

Холбоотой мэдээ