Ноолуурын тогтвортой үйлдвэрлэлээр Женевт зөвлөлдөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-29 12:02:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсруулсан ноолуурын экспортыг нэмэгдүүлэх нь зөвхөн үйлдвэрлэлд анхаарах бус, бэлчээрийн доройтлыг бууруулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх зэрэг олон зүйлийн хүчин зүйл, нөхцөл байдалтай уялдаатай. 

Улмаар малчин өрхийн орлогыг тогтвортой байлгаж, экспортыг төрөлжүүлэх зэрэг цогц байдлаар шийдэх талаар Женев хотноо өчигдөр болсон "Тогтвортой ноолуур" зөвлөгөөнөөр хөндлөө. Зөвлөгөөнийг Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв, Дэлхийн худалдааны байгууллага болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас зохион байгуулав.


Зөвлөгөөнөөр байгаль орчин, малын эрүүл мэнд, өртгийн сүлжээ, гадаад худалдааны өнцгөөс олон улсын байгууллагуудын мэргэжилтнүүд мэдээлэл солилцож, Бэлчээрийн тухай хуулийн төсөлд тусгах боломжтой санал, дүгнэлтийг хэлэлцүүлэв.

Зөвлөгөөнд Женевт төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төв, НҮБ-ын ХАА-н байгууллагын Женев дэх салбар, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн мөн Женев дэх салбар, Тогтвортой хөгжлийн олон улсын хүрээлэн зэрэг байгаль орчны болон эдийн засаг, худалдааны байгууллагуудын төлөөлөгч нар оролцов. 


Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон Алт” төсөл, Францын Байгаль орчны сан, Францын “хил хязгааргүй агрономчид” зэрэг Монголын ноолуурын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй олон улсын байгууллага, хөгжлийн агентлагуудын төлөөлөгч нар оролцлоо.


Оролцогч нарт зориулж Монголын Засгийн газраас ноолуурын салбарын хөгжил, малчдын амьжиргааг тэтгэх, бэлчээр зөв зохистой ашиглах, байгаль орчны доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй  бодлого, үйл ажиллагааны талаар ХХААХҮЯ, БОАЖЯ-наас мэдээлэл хийв. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийн газраас боловсруулсан “Тогтвортой Ноолуурын платформ”-ын талаар суурин төлөөлөгч Элейн Конкиевич илтгэл тавьж, бэлчээр ашиглах, малын ашиг шимийг нэмэгдүүлэх Швейцарын туршлагын талаар Олон улсын Тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн тэргүүн Фриц Шнайдер танилцуулав.



Холбоотой мэдээ