Алжирын Ерөнхийлөгчийг Германы эмнэлэг рүү шилжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-10-29 13:31:17

БЕРЛИН. /DW/. Алжирын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббоныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар Германы эмнэлэг рүү шилжүүллээ гэж Алжирын төв телевиз мэдээлэв.


Өдгөө 75 настай Ерөнхийлөгч хэд хэдэн туслахаас нь коронавирусний халдвар илэрсэн тул өөрийгөө тусгаарлахаар болсон талаараа өнгөрсөн бямба гарагт мэдэгдсэн юм.


“А.Теббоныг эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүдийн зөвлөсний дагуу эрүүл мэндийн нарийн үзлэгт хамруулахаар Герман руу илгээсэн” гэж төв телевиз Ерөнхийлөгчийн ажлын албаны мэдээллийг иш татан уламжилсан боловч төрийн тэргүүн ямар эмчилгээ хийлгэж байгаа талаар дурдаагүй байна.


“Ерөнхийлөгч эмч нарынхаа зөвлөгөөний дагуу цэргийн эмнэлэгт тусгай эмчилгээ хийлгэхээр хүргэгдсэн. Тэрбээр эмнэлгээс үүрэгт ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх тул санаа зовох шаардлагагүй” гэж төрийн тэргүүний ажлын алба мягмар гарагт мэдээлээд байжээ.


А.Теббон “COVID-19” халдвар авсан эсэх талаар албан ёсны мэдээлэл одоогийн байдлаар гараагүй байна.


“Миний бие эрүүл саруул байгаа бөгөөд ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ гэдгээ батлан мэдэгдэж байна” гэж А.Теббон бямба гарагт мэдэгджээ.


Үндсэн хуульд өөрчлөлт оруулах түүний саналын талаар бүх нийтийн санал асуулга явуулахаас хэдхэн өдрийн өмнө эдгээр үйл явдал болсон байна.


Алжирын Ерөнхийлөгчийн албан тушаалыг олон жилийн турш хашсан Абдельазиз Бутефликагийн халааг авсан А.Теббоны бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойш нэг жил орчмын хугацаа өнгөрч байгаа юм.


Алжирын Засгийн газар улс орондоо өрнөж буй эсэргүүцлийн хөдөлгөөний хүсэл зорилгод нийцэх үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар 11 дүгээр сарын 1-нд бүх нийтийн санал хураалт явуулахаар товлоод байжээ. 

Холбоотой мэдээ