БНХАУ: Монголын нүүрсний импорт нэмэгдэх ч хүндрэлүүд гарч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-10-30 12:12:48

БЭЭЖИН. /SCMP/. БНХАУ Австралийн нүүрсний импортод хориг тавьснаас хойш Хятадын гангийн үйлдвэр, цахилгаан станцууд Монголоос худалдан авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлж эхэлсэн боловч үнэ, чанар, ложистикийн хүндрэлүүдээс үзэхэд зарим хэрэглэгчийн хувьд энэ өөрчлөлт амаргүй байх төлөвтэй байна.


Австралиас коксжсон, эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийг зогсоох шийдвэрийг гаргахад улс төрчид нөлөөлсөн байж болох ч уг шийдвэрээс үүдэлтэй бодит хүндрэлүүд нь хоригийг эргэн харахад хүргэж магадгүй гэж шинжээчид мэдээлжээ.


Хятадын хойд нутагтай хил залгаа оршдог Монголын нүүрс Австралийн нүүрсийг орлох нь тодорхой байна, ялангуяа нүүрсний эрэлтийн богино хугацааны өсөлтийг АНУ, ОХУ, Канад зэрэг нийлүүлэгчид газар зүйн байршлын хувьд хол учир хангаж чадахгүй” гэж “S&P Global Platts” байгууллагын саяхан гаргасан мэдээлэлд дурдсан байна. 


Гэвч Хятадын хойд нутгийн хэрэглэгчдэд уг өөрчлөлтийг хийх боломж илүү их байгаа бол өмнөд нутгийнхны хувьд ложистикийн бэрхшээл, тээврийн зардлын улмаас Монголоос нүүрс импортлоход илүү хүндрэлтэй байна. Иймээс тэд Австралиас нүүрс импортлохоо зогсоовол илүү өндөр үнэтэй нүүрс ашиглахаас өөр аргагүйд хүрэх төлөвтэй юм.


Одоогийн байдлаар Австралийн нүүрсний импортод тавьсан хориг хэрэгжиж байгаа бөгөөд нүүрсний худалдаачид өөр орнуудтай харилцаж эхэлсэн гэж салбарын эх сурвалжууд мэдээлжээ. Шинжээчдийн үзэж буйгаар, үр өгөөжтэй хувилбарууд дутмаг байгаа тул Монголын нүүрсний эрэлт өсөх төлөвтэй байна.


“Монголын нүүрсний нэг сайн тал нь чанарын хувьд хатуу коксжсон нүүрсийг орлох боломжтой юм. Далайд гарцгүй тус улс Хятад руу нүүрсний экспортоо нэмэгдүүлсээр байгаа бөгөөд одоогоор өдөрт 1000 гаруй ачааны машин илгээж байна” гэж “S&P Global Platts”-ын шинжээч Жеффри Лу, Йил Вэн нарын өнгөрсөн баасан гарагт гаргасан мэдээлэлд дурджээ.


Монголын нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаа нь тус улсыг Хятадын түүхий эдийн, ялангуяа гангийн үйлдвэрлэлд ашигладаг коксжсон нүүрсний топ нийлүүлэгчийн байр сууринд дахин хүргэж магадгүй байна.


Монгол Улсад энэ оны эхээр хөл хорио тогтоож, хилийг хаасан явдал нь нүүрсний олборлолтыг бууруулж, нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулсны улмаас топ нийлүүлэгчийн байр сууриа алдсан юм.


S&P Global Platts”-ын мэдээлснээр, Австралийн уурхайчид тухайн хугацаанд нийлүүлэлтээ нэмэгдүүлж, энэ онд сүүлийн гурван жилийн хугацаанд жил тус бүрд экспортолсноос илүү их коксжсон нүүрсийг нийлүүлсэн байна.


“Хятад, Монголын улс төрийн харилцаа бат бэх байгаа нь Монголын нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байна” гэж “CRU” зөвлөгөөний группийн түүхий эдийн зах зээл шинжээч Саймон У хэлжээ.


Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнийхээ дараа далайн бүтээгдэхүүн, жимс, хүнсний ногоо, химийн бүтээгдэхүүн зэрэг Хятадын экспортын 366 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг бууруулахаар тохиролцсон нь хоёр талын худалдааг нэмэгдүүлэх төлөвтэй байна.


Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, Монгол Улс хэлэлцээрт заасны дагуу татварын хөнгөлөлтүүдийг эдлэхийн сацуу тус улс Ази, номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр “Бүс ба Зам” санаачилгын төслүүдтэй холбоотой илүү олон боломж нээгдэх ажээ.


Гэвч Хятадын хэрэглэгчид Австралид тавьсан хоригоос үүдэлтэй өндөр зардал, тээврийн хүндрэл, чанарын бууралтын үр дагаврыг амсаж болзошгүй байна.


“Монголын коксжсон нүүрсийг Хятадад, ялангуяа Хэбэйн гангийн үйлдвэрүүдэд хэдийн өргөнөөр хэрэглэдэг болсон. Гэсэн хэдий ч Австралийн коксжсон нүүрснээс ихээхэн хамааралтай гангийн үйлдвэрүүд юуны өмнө хүнд сонголт хийх шаардлагатай болж байна. Одоогоор зөвхөн Монголын коксжсон нүүрс элбэг байгаа юм” гэж Саймон У хэлжээ.


Хятадын өмнөд нутаг дахь хэд хэдэн үйлдвэрийн хувьд эрчим хүчний нүүрс импортлох нь Монголын нүүрс болон дотоодын эх үүсвэрээс хамааралтай болоход нөлөөлнө, ялангуяа гэрээний үнэ хямд, ложистик хялбар үед” гэж “S&P Global Platts”-ын эрчим хүчний нүүрсний мэргэжилтэн Дипак Каннан ярьжээ.


Нүүрсийг далайгаар тээвэрлэхэд Хятадын өмнөд нутгийн боомтуудад шууд хүрдэг бол Монгол болон Хятадын бусад хэсгээс төмөр замаар тээвэрлэх нь төмөр замын ачаалал, осол зэргээс хамааран хойшлох эрсдэлтэй байдаг байна.


“Богино хугацааны эрэлтийг хангах өөр эх үүсвэрүүд цөөн байгаатай холбоотойгоор Хятадын ган үйлдвэрлэгчид дотоодын үнэтэй коксжсон нүүрсийг ашиглахаас өөр аргагүйд хүрч байгаа нь ашгийн хэмжээнд нөлөөлж байна” гэж Ж.Лу, Й.Вэн нар бичжээ.


Жишээ нь, Канад, АНУ, Мозамбик, ОХУ зэрэг өөр нийлүүлэгчдийн хувьд хэдийн захиалгад дарагдсан юм уу нийлүүлэх хэмжээ бага байгаа аж. Мөн нүүрсийг авчрах хугацааг авч үзвэл, Канадын баруун нутгаас хамгийн багадаа 21 хоногт, АНУ-аас 45 хоногт ирэх юм. Энэ нь ирэх долоо хоногуудад захиалсан нүүрс 12 дугаар сарын сүүл, нэгдүгээр сарын эхэн үеэс нааш ирэхгүй гэсэн үг юм.


Ж.Лу, Й.Вэн нарын үзэж буйгаар, Хятадын худалдан авагчдын хувьд хэрэгцээг нэн даруй хангахыг зорьж байгаа тул дээр дурдсан нь маш урт хугацаа ажээ.


Мөн нүүрс нийлүүлэгчдийн сонголт хязгаарлагдмал байгаатай холбоотойгоор Хятадын хэрэглэгчид түүхий эдийн чанарт санаа зовниж байна.


“Австралийн өндөр зэрэглэлийн хатуу коксжсон нүүрс нь урвалын дараах коксын бат бэх чанартай болон үнс, хүхэр багатай зэрэг олон шинж чанаруудтай. Эдгээр үзүүлэлтийг цөөн хэдэн орон л санал болгож чадна" гэж Ж.Лу, Й.Вэн нар хэлжээ.


Олон ган үйлдвэрлэгчийн “Platts”-д мэдээлснээр, одоогоор өөрсдийгөө 100 хувь хангах боломж байгаа боловч Австралийн өндөр чанартай нүүрсний нөөцгүй болсноор ган үйлдвэрлэлийн үйл ажиллагаан дахь үр ашиг багасаж, ашгийн хэмжээ буурах ажээ.


Австралийн нүүрсний импортод хориг тавьж эхэлснээс хойш далайгаар тээвэрлэсэн коксжсон нүүрсний үнэ огцом буурсан нь Хятадын гангийн үйлдвэрүүдийн анхаарлыг татах болжээ.


Австралийн хувьд Хятадтай харилцаа нь улам муудах төлөвтэй байгаа тул түүхий эдийн экспортлогчдодоо өөр зах зээл олоход нь туслалцаа үзүүлэхээр шаргуу ажиллаж байна.


Жишээлбэл, Автсралийн “Austrade” худалдаа маркетингийн агентлаг Латин Америкийг шинэ зах зээлээ хэмээн үзэж байна. Саяхан Австрали цар тахлын дараа Латин Америкийн эдийн засгийг сэргээхэд технологийн салбарт Австралийн алт, зэс, литийн экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах цахим зөвлөгөөний талаар олон нийтэд танилцуулжээ. 

Холбоотой мэдээ