“Дугуйн өдөр"-т 300 дугуйчин гурван төрлөөр оролцлоо

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2020-10-31 15:32:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн жилүүдэд нийслэлд тогтмол зохиож буй "Дугуйн өдөр" өнөөдөр нийслэлийн 381 жилийн ойн хүрээнд боллоо. Дугуйн спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой “Дугуйн өдөр”-өөр дугуйн парад, уулын дугуйн болон бага насны хүүхдийн тэмцээн, өсвөр нас, сонирхогчдын гэсэн 3 төрлийн тэмцээнийг зохион байгууллаа. 


"Дугуйн өдөр"-т УИХ-ын гишүүн, Монголын Дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, нийслэлийн Засаг даргын Инновац, технологийн хөгжил хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд, Монголын Дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү болон дугуй сонирхогч, тамирчид 300 дугуйчин оролцлоо.  


Монголын Дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү “Монголын дугуйн спорт сүүлийн жилүүдэд хөгжиж байгаагийн шалтгаан нь Улаанбаатар хотын удирдлагуудаас уулын зам, Налайхын замд дугуйн олон замыг тавьсантай холбоотой. Цаашид ч автозамыг дагасан дугуйн замыг тавих гэж байна. Нийслэлийн шинэ удирдлагуудын зүгээс ч дугуйн спортыг дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. УИХ-д ч мөн дугуйн спортоор хичээллэдэг, дэмждэг лобби бүлэг болох хэмжээний гишүүд байгаа учир цаашид дугуйчдын ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. 






Холбоотой мэдээ