Хог хаягдлын менежментийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтийг уламжлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслийг эрчимжүүлэх саналаа илэрхийлсэн юм.
Элчин сайд Филипп Мэрлин хамтран хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд онцгой анхаарч ажиллахаа дурдаад, Франц Улсын “СҮЭЗ” /SUEZ/ компани Улаанбаатар хотын усны мэдээллийн сангийн системийг хөгжүүлэх болоод хог хаягдлын менежментийг сайжруулахад хамтран ажиллах хүсэлтэйг уламжлав.
Мөн үеэр талууд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэх, авто замын түгжрэл бууруулах талаар санал солилцлоо. Түүнчлэн хот төлөвлөлт, нийтийн орон сууцны аж ахуйг сайжруулахаар Франц Улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтран цахим уулзалт зохион байгуулахаар ярилцав.
Уулзалтын төгсгөлд талууд нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Парис хотын нэрэмжит
гудамжийг тус улсын онцлог хэв шинж, өнгө төрх илэрхийлсэн болгож тохижуулахад идэвхтэй хамтран ажиллахаа
илэрхийлэв.