Бусдад үлгэр жишээ болсон Шилдэг алба хаагчдыг тодруулан сурталчилна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-04 12:34:35

Ховд /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газраас алба хаагчдынхаа эерэг, бүтээлч хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Өнгө нэмцгээе-2020” нөлөөллийн аяныг санаачлан хэрэгжүүлж ирсэн.

Тус аяны хүрээнд Эрүүгийн цагдаагийн албанаас “Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээг энэ оны 11, 12 дугаар сарыг дуустал зохион байгуулахаар болжээ.

Үүнтэй холбогдуулан Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас “Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээний нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. 

Нээлтэд Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга, хурандаа Э.Даваасүрэн болон цагдаагийн алба хаагчдын төлөөлөл 80 гаруй хүн оролцсон юм.

Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн тасгаас “Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээний салбар төлөвлөгөө, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулсан бөгөөд удирдлага, алба хаагчдыг уг арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриаллаа.

Алба хаагчдын хандлага, сэтгэлгээнд эерэг байдлыг төлөвшүүлэх, сахилга, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд “Үлгэрлэл Манлайлал” арга хэмжээ чухал ач холбогдолтой аж.

Тиймээс цагдаа, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүргийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, алба хаагчдыг чадавхжуулах, тэдний урам зоригийг сэргээж, идэвхжүүлэхэд анхаарч ажиллана гэж албаныхан онцоллоо.

Цаашид ахмад, дунд, залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ахмад ажилтан, алба хаагчдын уулзалт” зохион байгуулах, “Манлайлах ур чадвар” сэдэвт сургалт явуулах, бусдад үлгэр жишээ болсон “Шилдэг алба хаагч”-дыг тодруулан сурталчлах зэрэг бүтээлч санал, санаачилгыг дэмжихэд чиглэсэн олон шинэлэг ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  

 

Холбоотой мэдээ