Манлайлагч бэлтгэх хөтөлбөрт залуусыг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-05 16:34:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Залуу манлайлагчдыг бэлтгэх хөтөлбөрт 18-30 насны нийгэм, улс төрийн идэвхтэй залуусыг сонгон шалгаруулах тухай Стратеги академиас мэдээллээ.


Хөтөлбөрийн зорилго нь залуу манлайлагч бэлтгэхийн зэрэгцээ олон салбарын төлөөлөл болсон шилдэг залуусыг нэгтгэх, тэднийг УИХ-ын гишүүн, улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй ярилцах, холбоо тогтоох, шилдэг багш нараас суралцах, хувь хүний хөгжилдөө үнэтэй хувь нэмэр оруулах боломж олгох юм.


Шинийг эрэлхийлэгч, улс орондоо эерэг өөрчлөлт бий болгох, сурах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй 18-30 насны залууст улс төр, нийгэм, эдийн засаг зэрэг сэдвээр онол, практик хосолсон сургалт орохоос гадна хувь хүнийг хөгжүүлэх хичээлд хамруулна. Тус хөтөлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 21-25-нд Их тэнгэр Цогцолбор-т тусгай орчинд үнэ төлбөргүй зохион байгуулна.


Сонгон шалгаруулалт дараах хоёр үе шаттай.

  1. Хөтөлбөрт оролцогч нарт тавих шаардлага хангаж байгаа хүмүүс СV буюу товч намтраа, 2-3 минутын өөрийн танилцуулга видеоны хамт Стратеги Академийн sa.mongolia@gmail.com хаяг руу энэ сарын 14-ний дотор илгээнэ.
  2. Материал хүлээн авах хугацаа дууссаны дараа буюу энэ сарын 15-нд шилдэг оролцогчидтой ярилцаж шалгаруулна.

Хөтөлбөрт нийт 20 хүн шалгаруулах бөгөөд хариуг нь 11 дүгээр сарын 17-нд мэдэгдэнэ. Хөдөө орон нутгаас оролцож хөтөлбөрт шалгарсан оролцогчийн 2 талын замын зардлыг зохион байгуулагчаас гаргана.


Нэмж тодруулах зүйл байвал Стратеги Академийн +976 77444182 утас, sa.mongolia@gmail.com мэйлээр авах боломжтой.


Ташрамд дурдахад, Стратеги Академи нь 1955 онд байгуулагдсан орчин үеийн улс төр, нийгмийн тулгамдсан асуудал, улс төрийн бодлого, нам судлал, ардчилал, засаглал, сонгуулийн технологи, иргэний нийгмийн байгууллага зэрэг чиглэлээр онол арга зүйн түвшинд судалгаа шинжилгээ хийж, сургалт мэдээлэл олгодог байгууллага юм.


Стратеги Академи нь ХБНГУ-ын Фридрих-Эбертийн сантай хамтран “Залуу манлайлагчдыг бэлтгэх” хөтөлбөрийг энэ оноос эхлэн жил бүр тогтмол зохион байгууллахаар төлөвлөж байна.

Холбоотой мэдээ