Залуучууд 60 гаруй шинэ гарааны бизнес төсөл танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-05 20:23:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт хүм амын 50 гаруй хувийг 15-34 насны залуучууд эзэлдэг. Тиймээс залуусаар удирдуулсан шинэлэг гарааны бизнесийг дэмжих, ажлын байр бий болгох зорилтын дагуу Ховд аймгийн ХХҮГ-аас “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” үйл ажиллагааг энэ оны 11 дүгээр сарын 05-ны өдөр зохион байгуулж байна.

“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд өрнөж буй тус үйл ажиллагаанд Ховд аймгийн 80 гаруй залуу үеийнхэн оролцож, 60 гаруй шинэ гарааны бизнес төслөө танилцууллаа.

Ховд аймгийн хэмжээнд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 32 гарааны бизнесийг дэмжсэн.

Тэгвэл 2020 онд 13 шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулж, тус бүр 10 сая буюу нийт 130 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор төлөвлөж буй. Үүнээс энэ удаагийн үйл ажиллагаагаар дамжуулан таван шинэ гарааны бизнесийг шалгаруулж, дэмжин ажиллах гэж байгаагаараа онцлогтой.

Тус үйл ажиллагааны шүүгчээр мэргэжлийн таван хүн ажиллаж байгаа. Тэд  шинэ гарааны бизнес төслийг шалгаруулахдаа шинэлэг байдал, өвөрмөц санаа, бизнесээ хөгжүүлэх боломж, эрсдэл, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг  зөв тодорхойлсон зэрэг шалгуур үзүүлэлтээр дүгнэх юм.

Цаашид залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааг хөдөөгийн сумдад зохион байгуулах замаар ажлыг байрыг нэмэгдүүлэх аж.  

Холбоотой мэдээ