Бүх гишүүдийнхээ хурлаар нэрээ өөрчлөх шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-11-09 20:09:25
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнгөрөгч долоо хоногт Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Давших зам” хоршоо Бүх гишүүдийн хурлаа хийж, хоршооныхоо нэрийг “Буянт хайрхан” хэмээн өөрчлөх шийдвэр гаргажээ.

Хоршоо нь гишүүдийн сайн дурын үндсэн дээр байгуулдаг, ардчилсан удирдлага, хяналтын тогтолцоотой хуулийн этгээд. Манай улсын хувьд социализмын үед сум бүрт байсан хөдөө аж ахуйн нэгдлүүдийг 90-ээд оны эхээр өөрчлөн “хоршоо” байгуулсан ба энэ нь хоршооны “сайн дурын үндсэн дээр байгуулах” зарчимтай нийцдэггүй. Тиймээс ингэж байгуулсан олон хоршооны үйл ажиллагаа зогсонги байдалд орсон.  

“Давших зам” хоршоо ч мөн энэ бэрхшээлийг тойроогүй биш, дайраад гарсан. Тодруулбал, хоршооны үйл ажиллагаа зогсонги байсан ба 2013 онд Хоршооны даргаар тус сумын иргэн Д.Мөнхтайваныг сонгож, гишүүн бүр хувь хөрөнгө нийлүүлэн үйл ажиллагаагаа сэргээснээс хойш тус хоршоо амжилттай ажиллаж, 53,0 сая төгрөгийн ноогдол ашиг хуваарилжээ.

Хоршооны Бүх гишүүдийн хуралд 200 гаруй гишүүн оролцож, хоршооныхоо тайланг хэлэлцэн, нэрээ өөрчилж, азтан шалгаруулж, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Баасанжав, Соёлын тэргүүний ажилтан Ч.Алтантүлхүүр, "Дуурьсал" хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Нямжаргал нарын оролцсон урлагийн тоглолт үзэж сонирхон хоршооны гишүүд нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн аж.

Хоршооны гишүүн малчид нь малынхаа чанарыг сайжруулж, түүхий эд, бүтээгдэхүүнээ хоршоогоороо дамжуулан үндэсний үйлдвэрт тушаах үүрэг хүлээдэг. Тиймээс мах, арьс шир, ноос ноолуур гээд бүх төрлийн түүхий эдийг үйлдвэрүүдэд нийлүүлэх үнээр худалдан авдаг тул гишүүн малчид нь ч маш сэтгэл хангалуун байдаг байна.

Гишүүдийнхээ идэвх санаачилга, амжилтыг үнэлэн 22 малчинг ОХУ-ын Улаан-Үд хот, Итгэлт хамба, 10 малчинг БНХАУ-ын Манжуур хотод хоршооны зардлаар аялуулсан аж.

Ийнхүү гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангадаг, Олон Улсын хоршооны зарчимд нийцэж ажилладаг хоршоо Дундговь аймагт тийм ч олон байдаггүй. Хоршоо гишүүдийнхээ төлөө ажилладаг байгууллага. Тиймээс хоршооны зарчимд нийцэж, гишүүдийнхээ төлөө ажиллаж, амжилтад хүрч болдгийн жишээг "Давших зам" буюу ирээдүйн “Буянт хайрхан” хоршоо ийнхүү харуулж байгаа аж. 

Холбоотой мэдээ