Д.Песков: Сонгуулийн дүн албан ёсоор гарсны дараа В.Путин АНУ-ын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-10 09:39:37

МОСКВА./rfi.fr/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сонгуулийн дүн албан ёсоор гарсны дараа АНУ-ын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэнэ гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.


Сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Д.Песков Ерөнхийлөгч В.Путин "Америкийн ард түмний ямар ч сонголтод хүндэтгэлтэй хандаж, тус улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй хамтран ажиллахад бэлэн байгаа" гэдгийг сануулсан байна.


Кремль Жо Байденыг ерөнхийлөгчийн сонгуульд ялсанд нь хараахан баяр хүргээгүй байгааг Д.Песков АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп санал тооллогын дүнг эсэргүүцэх "хууль эрх зүйн хэд хэдэн журам" зарласантай холбон тайлбарлажээ. 11 дүгээр сарын 7-нд Трамп сонгууль дуусах болоогүй байна гэж мэдэгдээд, штаб нь 11 дүгээр сарын 9-ний даваа гаргаас сонгуулийн дүнг эсэргүүцэж шүүхэд хандаж эхэлнэ гэдгийг мэдээлсэн юм. Кремль ямар шатны байгууллагын шийдвэрийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны бөгөөд эцсийн үр дүн гэж тооцохыг Песков тодорхой дурдаагүй байна. АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2021 оны нэгдүгээр сарын 21-нд Вашингтонд болно.


Байден сонгуульд ялсныг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 11 дүгээр сарын 7-нд мэдээлсэн бөгөөд саналын хуудсуудыг гурван өдрийн турш тоолсны дараа Ардчилсан намаас нэр дэвшигч 290 мужийн сонгогчдын дэмжлэгийг авсан нь тодорхой болсон бол Трампыг 214 сонгогч дэмжсэн байна.


Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Канадын Засгийн газрын тэргүүн Жастин Трюдо, Их Британийн Ерөнхий сайд, Борис Жонсон, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский зэрэг дэлхийн хэд хэдэн удирдагч Жо Байденд баяр хүргэсэн юм.


Холбоотой мэдээ