Хот хоорондын орох, гарах хөдөлгөөнийг тодорхой хяналтын дор нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-11 13:07:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын иргэнд “Ковид-19” халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу зарим арга хэмжээг орон нутагт авч хэрэгжүүлэх чиглэлээр Аймгийн онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тодруулбал үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан бүх төрлийн худалдаа үйлчилгээний газрууд буюу архи, согтууруулах ундаа худалдаалдаг караоке, ресторан, баар, спорт клубүүд, фитнесс, саун, хурал зөвлөгөөн, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргав.

Харин эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан, хүнс, барааны дэлгүүр, худалдааны төв, захууд хэвийн ажиллах аж.

Мөн үйл ажиллагаа хязгаарлагдсан хэсэгт бүх төрлийн соёл, урлагийн байгууллага, их дээд сургууль, ЕБС, СӨББ, МСҮТ, коллежийн сургалтын үйл ажиллагааг энэ сарын 14-ний өдөр хүртэл түр зогсоолоо. Хот хоорондын орох, гарах хөдөлгөөний тухайд тодорхой хяналтын дор нэвтрүүлэхээр болсон. Мөн тав хүртэлх настай хүүхэдтэй эцэг эхчүүдийг богиносгосон цагаар ажиллуулна.

Хүнсний бүтээгдэхүүний тухайд нөөц хангалттай бөгөөд бараа, бүтээгдэхүүний хомсдолд орох нөхцөл үүсээгүй. Зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэсэн иргэн, ААНБ-ууд илэрвэл хуулийн дагуу арга хэмжээ авна гэдгийг аймгийн Онцгой комиссоос анхааруулав.

Түүнчлэн бүх ААНБ урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ариутгал, халдваргүйтгэлийг сайтар хийж, иргэн бүр амны хаалтаа зүүхийг уриаллаа.

Холбоотой мэдээ