"Ногоон сан" 23.1 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-11 16:02:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уур амьсгалын "Ногоон сан" Монгол орны малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэхэд 23.1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоо өнөөдөр мэдэгдлээ.

Энэ төсөл нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжиж, эмзэг экосистем, байгалийн нөөцөөс хамаарал бүхий амьдардаг, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг хамгийн ихээр амсаж буй эрсдэлт бүлгийн 800 мянган иргэнд хүрэх аж.

Тодруулбал, “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслөөр 4 аймгийн нийт 26 мянга гаруй өрхийн 130 мянган иргэн төслийн үр шимийг шууд хүртэх бол нийт хүн амын 1/4 орчим буюу нэмж 160 мянган өрхийн 800 мянган иргэн төслийн үр шимийг шууд бусаар хүртэх юм. Төсөл нь:

  • бэлчээрийн менежментийн сайн туршлага болон шаардлагатай бодлогын өөрчлөлтийг дэмжих, шийдвэр гаргах, 
  • байгалийн нөөцийн менежментэд уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төлвийг харгалзан үзэх, 
  • малчдын уламжлалт хамтын ажиллагааг дэмжин, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэсэн МАА-н бүтээгдэхүүн, тэдгээрийг мөшгих шинэлэг технологийг нэвтрүүлэх, 
  • бүтээгдэхүүнээ зах зах зээлд хүргэх боломийг сайжруулах, 
  • ус, бэлчээрийн менежментийг сайжруулах, 
  • доройтолд орсон газар болон усны сав газрыг нөхөн сэргээх юм.

Агаарын дундаж температур нэмэгдэн, байгалийн бүс бүслүүр шилжих, хур тунадас багасаж, бэлчээр болон усны нөөц буурах, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж өнгөрсөн 10 жилд хэд дахин нэмэгдэх зэргээр уур амьсгалын өөрчлөлт малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. 

Мөн "COVID-19"-ийн цар тахлаас үүдэн МАА-н бүтээгдэхүүний эрэлтэд үүсэж буй өөрчлөлт бүхий гэнэтийн цочролд бэлэн бус, эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгаа нь байгаль орчинд ээлтэй, эрсдэлд тэсвэртэй өсөлт чухал болохыг харуулж байна. Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн газрын доройтол болон цөлжилт нэмэгдэж байгаа нь манай улсад томоохон асуудлын нэг болж байгаа"-г цохон тэмдэглэж байна. Тэрээр “Уур амьсгалын "Ногоон сан"-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжих энэхүү төсөл уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтвортой хөгжлийг дэмжих, тэр дундаа гамшгийн эрсдэлийг бууруулахад томоохон түлхэц болно” гэдгийг онцолж байна. 

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, ард иргэд, хөгжлийн түншүүд болон судлаачдын олон жилийн хамтын ажиллагааны дүнд бэлтгэсэн шинэ төсөл нь БОАЖЯ-ны удирдлага дор 2021 оноос эхлэн 7 жил хэрэгжих юм. Хэрэгжүүлэх голлох түнш нь ХХААХҮЯ байх аж. 

Төсөл нь эмэгтэй малчид болон өрх толгойлсон эмэгтэйчүүдийн оролцоог чухалчилж, сургалт явуулан, нөөцийн ашиглалтад эрх тэгш оролцоог хангах аж. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич хэлэхдээ, “Засгийн газрын итгэлт түншийн хувьд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр Монгол Улсад "COVID-19"-ийн цар тахал эмзэг бүлгийн болон хөдөөгийн иргэдэд илүү хүндээр тусан сөргөөр нөлөөлж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх хүчин чармайлтыг хэд дахин нэмэгдүүлэх шаардлага үүсгээд буй энэ чухал цаг мөчид эхэлж, салбар дундын байдлаар хэрэгжих гэж буйд таатай байна" хэмээн илэрхийлж байна. Төсөл нь: 

  • нөөцийг тогтвортой бус ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх алдагдлыг давхар бууруулж, 
  • малчдын орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, 
  • бэлчээрийн даацыг нэмэгдүүлэн, хязгаарлагдмал нөөцөө хариуцлагатай, эн тэнцүү ашиглахыг дэмжих зорилготойг тэрээр онцолж байна.

Төслийг Монгол Улсын Ууур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, "Алсын хараа-2050" болон МАА-н салбарын холбогдох бодлогын бичиг баримт, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт зэрэг баримт бичгүүдтэй нягт уялдаатай боловсруулсныг мэдээлж байна.


Холбоотой мэдээ