Бүх нийтийн бэлэн байдлын дэглэм зөрчсөн 16 газрын үйл ажиллагааг зогсоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-12 21:25:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу коронавирусний эрсдэлээс сэргийлэх, тархалтыг таслан зогсоох үүднээс өнөөдрөөс энэ сарын 17 хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр тусгай чиг үүргийн байгууллагуудын 5000 гаруй алба хаагч ажиллаж байна.


Энэ талаар ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг гэдэг нь гэрийн хөл хориог тогтоох замаар коронавирусний халдварыг хумих, таслан зогсоох зорилготой. Өнөөдрийн байдлаар бүх шуурхай штаб, гамшгаас хамгаалах орон нутгийн албад идэвхжиж байна. Нийслэлийн хэмжээнд иргэдийн хөл хорионы дэглэмд хяналт тавих зорилгоор тусгай чиг үүргийн байгууллагуудын 5000 гаруй алба хаагч ажиллаж байгаа. Мөн ШӨХТГ-аас үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсэхээс сэргийлэх үүднээс гэнэтийн шалгалт хийж, зөрчил илэрвэл хариуцлага тооцож байгаа” гэлээ.


МХЕГ-ын дарга Т.Гантулга, “Мэргэжлийн хяналтын байгууллага Засгийн газар, УОК-ын шийдвэрийг хэрэгжилтийг хянахаар мэргэжлийн хяналтын 308 улсын байцаагч ажиллаж байна. Өнөөдөр нийслэлийн 6 дүүргийн бүх шатны боловсролын байгууллага, зочид буудал, гандан хийд зэрэг 4491 аж ахуйн нэгж байгууллагад хяналт, шалгалт хийлээ. Энэ явцад Чингэлтэй, Багахангай дүүрэгт ажиллаж байсан шөнийн цэнгээний 3 газар, 3 саун, бассейн, 5 ТҮЦ, 2 барааны дэлгүүр, бялдаржуулах 2 төв, гоо сайхны нэг буюу нийт 16 газар ажиллаж байсныг зогсоосон байна. Эхний ээлжинд зөвлөмж өглөө. Согтууруулах ундаа борлуулах зөвшөөрөлтэй 3341 байгууллагад цагийн хязгаарлалт тогтоосон бөгөөд үүнд ямар нэгэн зөрчил илрээгүй” гэлээ.


Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнээс хойш 19.00 цаг хүртэл орон нутгаас нийслэлд 461 тээврийн хэрэгслээр 1003 иргэн нэвтэрчээ.

Холбоотой мэдээ