Хос хэлний сургалтын судалгаа, шинжилгээг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-11-15 12:31:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын үндэстний цөөнхийн хүүхдийн хос хэлний сургалтын өнөөгийн байдал, чиг хандлага” эрдэм шинжилгээний анхдугаар хурал 2020 оны 11 сарын 15,16-нд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр болж байна.

 

Хурлын явц, үндсэн илтгэлүүдийг БШУЯ болон Боловсролын хүрээлэнгийн албан ёсны пэйж хуудсаар шууд нээлттэй дамжуулж буй юм. Энэхүү цахим хурал нь хос хэлний сургалтын талаарх судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, боловсрол судлаачдыг татан оролцуулах, Монгол Улсын үндэстний цөөнхийн хос хэлний сургалтын цаашдын чиг хандлагыг судалгааны үндсэн дээр тодорхойлоход хувь нэмэр оруулах зорилготой.

 

Тус хурлаар хос хэлний боловсролын онол, арга зүйн чиглэлээр үндэстний цөөнхийн хүүхдийн боловсролын чанарыг сайжруулах, судалгааны үр дүн, цаашид хөгжүүлэх арга зам, хос хэлтэй хүүхдэд хичээл зааж буй багшийн хөгжлийн чиглэлээр, судалгаа, танин мэдэхүйн чиглэлээр орон нутгаас илтгэл мэдээлэл тавьж байна.

 

Хурлын зохион байгуулагч байгууллагаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газар, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, БШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл, хамтран зохион байгуулагчаар Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, Ховд Их Сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар, мэдээллийн хэрэгслийн хамтрагчаар МҮОНРТ ажиллаж байна.

Холбоотой мэдээ