Томас Бах: “Токиогийн олимпод оролцох тамирчдаа сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-17 12:25:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах: Токиогийн зуны олимпын наадамд оролцох тамирчдаа сайн дурын үндсэн дээр COVID-19” халдварын эсрэг вакцинд хамруулна” хэмээн онцолсон талаар Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.


ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах  Японы Токио энэ өдрүүдэд хотноо ажлын айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр, өчигдөр “Токио-2020” зуны олимпын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Мори Ёширогийн хамт Хэвлэлийн бага хурал хийж, зайлшгүй авах ёстой зарим чухал ажлаа танилцуулсан байна.


Тодруулбал, ирэх онд “COVID-19” халдварын эсрэг вакцин авах боломж олдвол олимпын наадамд оролцох баг тамирчдад хийх зардлыг ОУОХ хариуцаж болох юм гэж мэдэгджээ. Гэхдээ  тамирчдыг заавал вакцин хийлгэ гэж шаардахгүй. Сайн дурын үндсэн дээр гэдгийг онцолсон байна. 


Ерөнхийлөгч Томас Бах, Япон улсын Ерөнхий сайд Ёшихидэ Сүгатай уулзаж, “Токио-2020” олимпын наадмыг хамтран амжилттай зохион байгуулах болно гэжээ.


Харин Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сүга “Ирэх онд олимпын наадам нь хүн төрөлхтөн короновирусыг ялан дийлсний нотолгоо, түүнчлэн Зүүн Японы байгалийн гамшгаас дахин сэргэн боссоныг дэлхий нийтэд түгээх олимп болно. Олимпын наадмыг гол нь үзэгчтэй зохион байгуулахаар олон талаас бодолцон, бэлтгэлээ базааж байна” гэжээ.

Холбоотой мэдээ