Тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт 724,4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-17 15:25:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр нийгмийн халамжийн сангаас оны эхний 10 сард 2.4 (давхардсан тоогоор) сая хүнд 1.3 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ.

Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч 258.9 (11.9 хувь) мянгаар, олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 724.4 (2.3 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Нийгмийн халамжийн сангаас олгож буй халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг нэмж 288 мянга, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянга, хүнс тэжээлийн дэмжлэг шаардлагатай хүүхдэд 16 мянга, насанд хүрэгчдэд 32 мянган төгрөг олгох болсон.


Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагч, тэдгээрт олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” авсан 0-18 хүртэлх насны хүүхдийн тоо 191.8 (19.4 хувь) мянгаар, олгосон тэтгэмжийн хэмжээ 648.6 тэрбум (4.4 дахин) төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Нийгмийн халамжийн тэтгэвэрт оны эхний 10 сард 58.0 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 245 (0.4 хувь) хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 40.7 (44.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.


Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 26.2 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.3 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна.


Нийгмийн халамжийн тэтгэмжид оны эхний 10 сард 114.8 мянган хүн хамрагдсаны 53.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 46.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд юм.


Нийгмийн халамжийн тэтгэмжид оны эхний 10 сард 79.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 17.2 (27.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 838.1 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2020 оны эхний 10 сард олгожээ.

 

Холбоотой мэдээ