Хүнсний үйлдвэрлэл, худалдааны газруудад шалгалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-18 18:40:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд хүнсний аюулгүй байдалд хяналт тавих зорилгоор Арвайхээр сумын  4 үйлдвэр, 29 худалдааны газарт шалгалт хийжээ.

Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын горим, хэрэглэх хугацаа, гарал үүсэл, баталгаажилт, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг шалгасан байна. Хүнсний үйлдвэр, худалдаа эрхлэгчид хүнсний бүтээгдэхүүний баталгаажилтын бичиг баримтыг бүрдүүлээгүй, үйлдвэрлэсэн огноогүй бүтээгдэхүүн худалдсан, хөргөх төхөөрөмжид температурын хяналт тавиагүй, ажилчид нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийсэн зэрэг нийт 104  зөрчил  илэрсний  66 хувийг газар дээр нь таслан зогсоогоод байна.

Мөн хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нөөц, үнэд  тандалт судалгааг хийж, аймгийн Онцгой комисст танилцуулсан бөгөөд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна хэмээн мэдээллээ.

Холбоотой мэдээ