Өвлийн идшээ хяналтын пост дээр шилжүүлэн өгөх зохицуулалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-18 18:33:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвлийн идшээ бэлтгэх цаг үед халдвар тархаж, хөл хорио тогтоосон нь нийгэмд томоохон асуудал үүсгэж байна. Аймгийн Онцгой комисс, холбогдох албадад хандаж буй иргэдийн дийлэнх хүсэлт, асуулт нь идэш хоолны тухай байгаа юм.

Тиймээс аймгийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаар хуралдаанаар өвлийн идэш мал, махыг Онгийн голын болон баруун постоор нэвтрүүлэхийг зөвшөөрсөн. Гэхдээ мал, мах авах малчинтайгаа урьдчилан холбогдож, 2020 оны 11 дүгээр сарын 17-20-ны хооронд аймаг, сумдын хяналтын пост дээр авч ирүүлэх, шилжүүлэн хүлээн авах дамжуулалтыг хийхээр шийдвэрлэсэн юм.

Гэвч хөдөө бүл цөөтэй, холбоо бариагүй гэх шалтгааны улмаас өнөөдрийн байдлаар найман айл өрх идшээ авсан байна. “Малчид мал, мах оруулж ирэхдээ малын гарал үүслийн бичгийг авчрах бөгөөд үүний тулд сумын төв орох шаардлагагүй, харин малын эмчтэйгээ утсаар холбогдож, гарал үүслийн бичгийн кодоо авч, тухайн кодыг аймаг, сумын постод цахимаар шалгуулан мал, махаа нэвтрүүлэх боломжтой” гэдгийг Мал, амьтны эрүүл мэндийн албаны дарга Б.Алтанзул хэллээ.

Холбоотой мэдээ