Цар тахлын үед амьдрахад өртөг хамгийн ихтэй хотуудыг жагсаажээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-11-19 14:50:53

ЛОНДОН. /TASS/. Их Британийн “Economist Group” компанийн судлаачид шинэ коронавирусний цар тахлын үед амьдрахад өртөг хамгийн ихтэй хотуудаар Парис, Хонконг болон Цюрих хотыг нэрлэжээ.


Жагсаалтын эхний аравт мөн Сингапур, Тель-Авив, Осака, Женев, Нью-Йорк, Копенгаген, Лос-Анжелес хотууд багтсан байна. Судлаачид жагсаалтыг гаргахдаа хүнсний бүтээгдэхүүн, хувцас, түрээсийн үнэ, боловсролын байгууллагуудад хүүхдийг сургах зардал зэрэг дэлхийн 130 томоохон хотын 138 төрлийн бараа, үйлчилгээний өртгийг харьцуулсан судалгаанд үндэслэжээ. Дэлхий даяар хорио цээрийн арга хэмжээ авсан нөхцөлд өнгөрсөн 12 сарын хугацаанд тамхи, мөн гэр ахуйн цахилгааны барааны үнэ хамгийн их өссөн болохыг судлаачид онцолж байна.


Судлаачдын тэмдэглэж байгаагаар, энэ жил гол төлөв Баруун Европын хотуудад юмны үнэ хамгийн их өсжээ. Энэ нь евро болон бусад валютын ам.доллартой харьцах ханш өссөнтэй холбоотой байна. Тухайлбал, шинжээчдийн мэдээлснээр, Парист нэг кг талхны дундаж үнэ 5.2 ам.доллароос 6.1 ам.доллар, Цюрихт 4.69 ам.доллароос 5.03 ам.доллар болж өсжээ.


Хэрэглэгчид орлогынхоо ихэнх хэсгийг үндсэн хүнс, гэр ахуйн бараа, интернэтэд зарцуулсаар байх учраас 2021 онд дэлхийн эдийн засаг коронавирусний цар тахлын нөлөөнөөс бүрэн сэргэхгүй гэж “Economist Group”-ийн шинжээчид үзэж байна. 


Холбоотой мэдээ