Б.Ууганбаяр: Улсын хэмжээнд 2282 хүнийг тусгаарлан ажиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-20 11:49:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. 

Өнөөдөр, 11 дүгээр сарын 20-нд тусгаарлан ажиглах байранд нийслэл хотод 1562, аймаг, орон нутагт 720, нийт 2282 хүн байна. Энэ нь гадаад улс орнуудаас өмнө нь татан авсан хүмүүс юм. Хоёрт, ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр хавьталттай иргэдийг ОБЕГ-ын Шуурхайн штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ХӨСҮТ-тэй хамтран тусгаарлаж байгаа юм. Энэ хүрээнд Улаанбаатар хотод 689 иргэнийг тусгаарласан. Орон нутагт 405, нийт 1094 хүнийг тусгаарлах байранд шилжүүлэн аюулгүй байдлыг сахиулж байна. 

Гуравт, эрүүл мэндийн салбарын шугамаар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд гадаад улс орноос ирж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, хэрэглэл, бусад зүйлийг улсын хилээр яаралтай нэвтрүүлэх, түгээх ажлыг бусад холбогдох байгууллагатай хамтран шуурхай зохион байгуулж байна.


МИАТ ТӨХК-ийн хийж буй карго тээврийн ачааны дийлэнх нь ДЭМБ, олон улсын байгууллага, бусад улс орноос ирүүлж буй эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм тариа, хувцас хэрэгсэл, бараа материал байгаа.

Эдгээрийг эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй, доголдолгүй явуулах үүднээс цаг тухай бүр нь тээвэрлэн нийлүүлэхэд анхаарч байна. 

Мөн эрүүл мэндийн шугамаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд орон нутагт суурилуулах эмнэлгийн тоног төхөөрөмжид зайлшгүй ажиллах инженер, техникийн хүмүүсийг шилжүүлэх шаардлага үүссэнийг мөн Шуурхай штабаас удирдлагаар ханган зохицуулж байна. Мөн нийслэл хотод эмчилгээний аппаратад зайлшгүй орох хүмүүсийг зөөх, тээвэрлэн хүргэх зэргээр нийслэлийн Эрүүл мэндийн төв зэрэг холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна. Жишээ нь, өчигдөр хавдартай өвчтөн 22-ын товчоон дээр орж чадахгүй гацчихаад байсныг замын хөдөлгөөнийг нэг чигийн болгон Хавдар судлалын төвд хамгаалалтын дор шуурхай, цаг алдалгүй хүргэлээ. 

Мөн аймаг, орон нутагт, шаардлагатай цэгүүдэд ОБЕГ, ХӨСҮТ-ийн хамтарсан багууд очиж ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд ОБЕГ-аас зохицуулалт, удирдлагаар хангах хүнийг томилон ажиллуулж байна. Мөн өчигдөр Шуурхай штаб Эрүүл мэндийн сайдтай хамтран эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай цахим хурал зохион байгуулж, цаг үеийн талаар мэдээлж, Эрүүл мэндийн сайд тодорхой чиглэл өгсөн.

Эцэст нь, гэрийн ажиглалтад шилжээд байгаа иргэдийг 14 хоногийн дэглэмээ ягштал сахихыг сануулж хэлье. Нэг хүний санамсаргүй, болгоомжгүй үйлдлээс болж нийт олонд хор хөнөөлтэй байдал үүсэх вий гэдэг үүднээс дахин хатуу сануулж байна гэв. 


Холбоотой мэдээ