Сэлэнгэ аймгийн хэмжээнд хөл хорионы хатуу дэглэм хэвээр үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-24 15:05:02

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн бүх суманд хөл хорионы хатуу дэглэм хэвээр үргэлжилж байна. Тус аймаг 17 сум, 6 тосгонтой. 23 томоохон суурьшлын бүстэй. Аймгийн Онцгой комиссын зүгээс зөвхөн тохиолдол бүртгэгдсэн гурван суманд анхаарал тавихаас гадна магадлал өндөртэй төмөр замын өртөө, зөрлөгүүдтэй Баянгол, Сайхан сум, бусад суманд тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа талаар мэдээллээ.

Тухайлбал өчигдөр Сүхбаатар сумын 5, 6, 7 дугаар багт түргэвчилсэн шинжилгээ авах 15 байршилд шинжилгээ авчээ. Харин өнөөдөр Сүхбаатар сумын 4, 8 дугаар багт шинжилгээ авах 10 баг ажиллаж байгаа гэв. Мөн УБТЗ-ын Сүхбаатар зангилааны нийт 657 ажилтнаас 430-г PCR шинжилгээнд хамруулсан байна. Өнөөдөр үлдсэн 227 ажилтныг бүрэн хамруулахаар ажиллаж байгаа аж. Аймгийн Онцгой комиссын даргын зүгээс “Иргэдээ шинжилгээндээ хамрагдаж иргэнийхээ журамт үүргээ биелүүлэхийг анхааруулж байна. Мөн хэнд ч хэлж ирдэггүй, хийсч ирдэг аюулт өвчин болохоос гэмт хэрэг биш. Та бүхэн айж, ичиж зовох шаардлага байхгүй шүү. Гэрийн дэглэмээ сахиж, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайн хийж сонор сэрэмжтэй байгаарай” хэмээн захилаа. Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самар түүх зорилгоор очсон 128 иргэнийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа аж. Дээрх иргэдийг тухайн бүс нутагт нь цагдаа, хяналтын байгууллагын харуул хамгаалалттайгаар, түргэвчилсэн оношлуураар шинжилгээг хийж нутаг буцаахаар ажиллаж байгаа гэлээ.

 

 

Холбоотой мэдээ