Хүчирхийлэлтэй тэмцэх цахим аянд Өвөрхангайнхан нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-11-25 17:49:28

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн 187 оронд эхлүүлээд байгаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-д Өвөрхангай аймгийн төр, төрийн бус байгууллагууд нэгдлээ.

“Ковид-19” халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байгааг холбогдох байгууллагууд мэдээлсний дагуу төр, төрийн бус байгууллагууд цахим орчинд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо өргөөд байна. Мөн аймгийн Засаг дарга А.Ишдорж уриалга дэвшүүлсэн юм. Тэрбээр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хөл хорионы дэглэм тогтоогоод байгаа энэ цаг үе нь гэр бүлүүд удаан хугацаанд хамт байх нөхцөлийг бүрдүүлж байгаа учраас гэр бүлдээ халуун дотно хайраа мэдрүүлэх боломж хэмээн харж, үр хүүхдэдээ цаг зав гаргаж, хамтдаа хөгжиж, зөв үлгэр дууриаллыг үзүүлж, айдас түгшүүр, зөрчил түрэмгийллийг гэр бүлийн хүрээнд таслан зогсоохыг уриалья” гэв.

Өвөрхангай аймагт 2020 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас 20 гэмт хэрэг, 143 зөрчил бүртгэгджээ. Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах Нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн эмэгтэйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 22 хувиар, хүүхдийн тоо 51 хувиар нэмэгдсэн байна. Хүчирхийлэл үйлдэгч 108 хүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрээр 7-30 хоногоор баривчлуулж, 10 хүнийг  1.445.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Холбоотой мэдээ