Иргэдийг орон нутагт нь буцаах, татан авах бэлтгэл ажил хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-25 17:36:57

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Улаанбаатар хот болон аймгуудад хөл, хорионд орсон олон иргэн бий. Улсын онцгой комиссоос 12 дугаар сарын нэгэн хүртэл зарласан бэлэн байдлын зэрэг цуцлагдвал аймгийн хэмжээнд хөл хорионд орсон иргэдийг нутаг буцаана. Үүний өмнө иргэдийн судалгаа гаргаж, шинжилгээнд хамруулах ажил хийнэ гэж аймгийн Онцгой комиссын дарга Б.Азжаргал мэдэгдлээ.

Өөр аймаг, хотоос ирж хөл хорионд орсон иргэдийн судалгааг burtgel.smartdarkhan.com хаягаар авсан байна. Нийт 5756 иргэн тус хаягт бүртгэгдсэнээс 1650 иргэн Дарханаас бусад аймаг, хот руу зорчих, 4101 иргэн бусад аймгаас Дархан руу ирэхээр бүртгүүлжээ. Хэрэв Улсын онцгой комисс хатуу хөл хорионы дэглэмийг ирэх сарын нэгэнд цуцалж аймаг, хот хоорондын хөдөлгөөнийг нээвэл эхний ээлжинд Дарханд байгаа иргэдийг гаргах ажлыг хийнэ гэлээ. Түүний дараагаар Дархан руу ирэх иргэдийн ажлыг зохион байгуулах аж. Одоогоор зөвхөн бэлтгэл ажлыг хийх бөгөөд дээрх бүртгүүлсэн иргэд рүү утсаар дахин тодруулга авч, шинжилгээ өгөх газрыг зааж өгөх юм. Хөл хорио цуцлагдвал тухайн өдөр нь ачаалал үүсгэх бус урьдчилж бэлтгэл ажлыг зохион байгуулна гэж аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.

Нөгөөтэйгүүр аймаг, хот хооронд зорчих хөдөлгөөнийг Улсын онцгой комиссын шийдвэр гарсан тохиолдолд явуулах бөгөөд аймгуудын онцгой комисс дангаар шийдвэр гаргах боломжгүй гэдгийг анхаарч, хийж буй ажилд саад учруулахгүй байхыг иргэдээс хүслээ.

Холбоотой мэдээ