Ж.Сандагсүрэн: Зарим иргэн QR кодыг хотод зорчих эрх гэж ойлгоод байна

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-11-27 15:46:54

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө.


Нийслэлийн засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хэлэхдээ “Зарим иргэн QR кодыг хотын хөдөлгөөнд зорчих эрх гэсэн байдлаар хүлээж авч байна. Энэхүү код нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан 13 чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагч болон тусгай чиг үүргийн ажилтнуудыг ажлаа гүйцэтгэх, яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх, мөн зайлшгүй ажил гарсан иргэдийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх зорилгоор хийж буй ажил юм. Нийслэлийн хөдөлгөөний хөл хорио хэвээр үргэлжилж байна. Нийслэлийн зарим голомтоос шинээр халдвар авах эрсдэлтэй тул гэр бүл, ойр дотныхоо хүмүүсийг хамгаалахын төлөө хөл хорионыхоо дэглэмийг мөрдөж, гэртээ байна уу. Засгийн газар, НОК-оос иргэдийн аж амьдралыг тогтвортой байлгах, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулахаар судалж байна. 


Мөн Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг хориглосон хэвээр байна. Маш яаралтай аргагүй нөхцөл гэж үзвэл PCR шинжилгээнд хамруулж, шинжилгээний дүн  сөрөг гарсны дараа наашаа нэвтрэх боломж бүрдэнэ.

Засгийн газар, НОК-оос хөдөө орон нутгийн иргэдийг хотоос гаргах, хотын иргэдийг хөдөө орон нутаг руу гаргах журмыг удахгүй хэрэгжүүлж эхэлнэ. Энэ журам хэрэгжих хүртэл хөл хорионы дэглэмээ сахихыг анхааруулж байна. Нийслэлээс гарах, орох хөдөлгөөн хориотой хэвээр байгаа гэдгийг дахин анхааруулмаар байна.


НОК-ын 18001200 гэсэн тусгай дугаар ажиллаж байна. Тусгай дугаарт хариу өгөх операторын тоог өчигдрөөс нэмэгдүүлсэн. Иймд шаардлагатай мэдээллийг энэ дугаарын утсанд хандаж мэдээлэл аваарай.


Холбоотой мэдээ