Нэг хүнийг эмчлэхэд 6,7-8.9 сая төгрөг зарцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-11-28 15:30:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад коронавирусээр халдварласан нэг хүний эмчилгээнд дунджаар 6,7-8,9 сая төгрөг зарцуулж байна.


Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэхдээ, ”Халдвартай өвчтөний эмчилгээнд гол зарчим болгон ДЭМБ-ын зөвлөмжийг дагаж байна.  Мөн манай эмч нарын ур чадвар, хувь мэргэжилтний мэдрэмжээр эмчилж байна. Дэлхий нийтэд яг одоо хэрэглэж буй, вирусний эсрэг гол эм авиган, арбидол, ремдизивир зэрэг эмийг Монгол Улс хоцролгүй, цаг хугацаандаа татаж авсан. Сүүлд авсан ремдизивир эмийн нэг удаагийн курс эмчилгээ нь их үнэтэй байна. Хүн болгоны хувийн онцлогт тохируулж, архаг суурь өвчинд нь тааруулж эмчилгээ хийж байна.


Мөн эмчилгээг дандаа лабораторийн суурь хяналтад хийдэг. Эмчилгээний үр нөлөөг байнга хянаж, харьцуулж явдаг. Эмчилгээ оновчтой явж байна. Одоо бид хүнд хүмүүсээ алдахгүй байхад онцгой анхаарч байна.


Эмчилгээний зардлын тухайд, 6,7-8.9 сая төгрөг байна гэж бид тооцоолсон. Үүнд эм, оношлуур, компьютер томографын зэрэг олон төрлийн шинжилгээнүүд, тухайн хүнд эмчилгээ хийж буй 4-5 хүний бүрэлдэхүүнтэй багийн хувийн хамгаалах хэрэгсэл гэх мэт зардлууд орсон байдаг.


Илрүүлэх шинжилгээ хийгээд эмчилгээнд оруулсан боловч, эмчилгээний  үр дүн ямар байна, вирусний тоо цөөрч байна уу  зэргийг хянах шинжилгээ байнга хийдэг. Мөн хамар залгиур, арчдас, өтгөнд гээд маш олон талаас авдаг шинжилгээнүүд багтаад ийм үнийн дүн гарч байгаа" гэлээ.

Холбоотой мэдээ