Энэ онд 58319 га газрыг эзэмшүүлэх, нөхөн сэргээх, тусгай хамгаалалтад авах ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-30 10:28:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хурлаар аймгийн төсвийн 2019 оны гүйцэтгэл, 2020 оны урьдчилсан гүйцэтгэл, 2021 оны төсвийн төслийг хэлэлцлээ.

Энэ хүрээнд өмнөх оны ажлын гүйцэтгэл, үр дүнг дүгнэв. Улмаар сум тус бүрт 2021 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр арга хэмжээний талаарх саналуудыг зөвшилцөж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.

Мөн хурлын үеэр Ховд аймгийн Газар зохион байгуулалтын 2020 оны гүйцэтгэл, 2021 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 онд нийт 58319 га газрыг эзэмшүүлэх, өмчлүүлэх, нөхөн сэргээх, орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулжээ.

Тэгвэл 2021 онд сумын Засаг дарга, ИТХ-ын Тэргүүлэгчид, иргэд, аж ахуйн нэгж, төсөл хөтөлбөрийн байгууллагаас ирүүлсэн саналд тулгуурлан Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг хөгжлийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан “Аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний төсөл”-ийг боловсруулсан аж. 

Тус төсөлд “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэх”, “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дуудлага худалдаагаар эзэмшүүлэх” зэрэг хэд хэдэн төрөл, зориулалтаар тодорхой байршил дахь зохих хэмжээ бүхий газруудад шинээр төлөвлөлт хийхээр тусгажээ.

Эдгээр газарт Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэсэгчилсэн төлөвлөлт хийхэд анхаарах асуудал, төсөлд оруулах өөрчлөлтийн талаар оролцогчид санал солилцож, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр болсон юм.

Холбоотой мэдээ